МУБИС, Япон улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд нийслэл болон орон нутаг дахь Ерөнхий боловсролын 50 сургуульд сургалтын 50 багц хэрэглэгдэхүүнийг гардууллаа. Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийг гардуулах ёслолын үйл ажиллагаа 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуульд болсон юм.
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Япон улсын “ALL NET” ТББ-тай хамтран 2011 оноос “ЕБС-ийн байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах” төслийг анх хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ЕБС-ийн сурагчдад гарын доорх материал ашиглан туршилт, сургалт, семинар явуулах, Япон улсын эрдэмтэн багш нартай хамтран механик, цахилгаан, оптик, хэлбэлзэл, дуу долгион гэсэн бүлэг сэдвүүдээр туршилт сургалт зохион байгуулж ирсэн.
2017 оноос эхлэн Япон улсын эрдэмтэн багш нартай хамтран физикийн сургалтын багаж, хэрэглэгдэхүүнийг зохион бүтээн, үйлдвэрлэж байна.
Энэ удаагийн үйл ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ноён ИГАВАХАРА Масарү, төслийн ерөнхий зохицуулагч Ноён КИДОКОРО Такүо, төслийн зохицуулагч Ноён ХОРИГУЧИ Казүнори, төслийн мэргэжилтэн багш профессор ТАКАМИ Хишаси, төслийн мэргэжилтэн багш профессор ОКҮБА Хироказү, Жайка ОУ байгууллагын мэргэжилтэн МҮРОНЭ Ёшихиро, Жайка ОУ байгууллагын мэргэжилтэн Ц.Гантулга болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн ректор, профессор Ж.Батбаатар, БШУЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Энхбаяр, БШУЯ-ны Дээд боловсролын газрын ахлах мэргэжилтэн Чойсүрэн, Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ц.Лхамсүрэн, МУБИС-ийн “Гарааны инновацад суурилсан” гарааны компанийн захирал Д.Мандах, МУБИС-ийн БоСС-ийн зөвлөх профессор, академич Б.Жадамба, МБУС-ийн захирал, доктор Т.Ганбаатар, Төслийн зохион бүтээгч, сургагч багш нар болох Физикийн тэнхимийн эрхлэгч Х.Батболд, Физикийн тэнхимийн багш, ажилтнууд болон хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.