
Техник технологийн улсын 26 дугаар олимпиадын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр МУБИС-д боллоо. Энэ удаагийн олимпиадыг БЕГ, ТТО зохион байгуулах дэд хороо, МУБИС-ийн ДУТС хамтран зохион байгуулж байна.
Нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, ДУТС-ийн захирал, доктор С.Батцоож, профессор Д.Сэрээтэрдорж тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид оролцож, олимпиадыг зорин ирсэн багш, сурагчдад амжилт хүслээ.
Дүрслэх урлаг, Дизайн зураг зүй, Дизайн технологийн мэргэжлийн багш нар болон сурагчдын дунд зохион байгуулагддаг тус олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн оролцогчид авто машины загвар, усан онгоц, нисэх онгоцны загвар, дүрслэх урлаг, дизайн зураг зүй, дизайн технологийн төрлүүдээр ур чадвараа сорин идэвхтэй өрсөлддөг.
Техник технологийн улсын олимпиад нь хамгийн олон төрөлтэй, хамгийн бүтээлч, хамгийн олон оролцогчтой бөгөөд сурагчдыг дүрслэх урлаг, дизайнер, технологи, инженер техникийн мэргэжлийг сонгон суралцах, технологи инновацын хөгжил дэвшлийн төлөөх хүсэл эрмэлзэлтэй болоход өндөр ач холбогдолтой арга хэмжээ болохыг зохион байгуулагчид онцолсон юм.
ХӨТӨЛБӨР: https://www.facebook.com/share/p/1ESzGh9tSH/