Сэтгүүлч мэргэжлээр суралцагчид хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэв

2025.05.02 10:02 Үйл явдал

МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхим жил бүр 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж, оюутнуудынхаа дунд “Хэвлэлийн эрх чөлөө Бидний эрх чөлөө” сэдэвт мэргэжлийн өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээнд Сэтгүүлчийн 1-4 ангийхан өгөгдсөн даалгавраар өрсөлдөж, мөн магистр, докторын болон Спортын сэтгүүлчийн ангийн оюутнууд багш нарын хамтаар оролцлоо.

Энэхүү өдөрлөг нь сэтгүүлч мэргэжлээр суралцагчдын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, мэргэжлийн үнэт зүйлийг чухалчлах, сэдэлжүүлэх үйл ажиллагаа билээ.

Сэтгүүл зүйн тэнхимээс жил бүрийн арга хэмжээндээ зочин илтгэгч урьж оролцуулдаг. Энэ удаад МСНЭ-ийн хууль эрх зүй, ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа оролцож, өнөөгийн салбарын тулгамдсан асуудал болох Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны талаар илтгэл тавив. Харин төгсөгчдийн төлөөллөөс энэ хавар анхны номоо гаргасан Өдрийн сонины сэтгүүлч А.Гантуяаг урьсан бөгөөд тэрээр өөрийн мэдлэг туршлагаасаа оюутнуудтай хуваалцсан байна.