Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийн II үе шатны ментор багшийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2026.04.17 09:52 Үйл явдал

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын ЭСЯ-ны санхүүжилттэй МУ-ын Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, МУБИС-ийн дэргэдэх Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийн хамтран хэрэгжүүлж буй "Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь" төслийн 2 дугаар шатны сургалтын цахим, танхим хосолсон 120 цагийн сургалт 2026.01.05-2026.02.13 -ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба сургалтад Архангай, Булган, Дундговь, Хөвсгөл, Хэнтий аймгийн 456 багш амжилттай хамрагдан батламжаа гардан авсан. Дээрх 5 аймгаас шалгарсан шилдэг 20 багшид 2026.03.23-2026.03.27-ны өдрүүдэд 60 цагийн цахим, танхим хосолсон ментор багшийн сургалтыг зохион байгуулсан.Энэхүү 20 ментор багш маань орон нутагтаа очин англи хэлний багш нартаа өөрийн сурсан мэдсэн зүйлээ түгээн дэлгэрүүлж сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах юм. Ментор багшийн сургалтад хичээл зүтгэл, идэвх чармайлттай хамрагдсан 20 багшдаа болон тус сургалтыг амжилттай удирдан явуулсан сургагч багш нартаа төслийг зохион байгуулж буй байгууллагуудын өмнөөс талархал илэрхийлье.