МУБИС-ийн ёс зүйн хорооны ажиллах журам

МУБИС-ийн ректорын 2024 оны 10 дугаар сарын 09-ны

өдрийн A/359 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН

СУДАЛГААНЫ ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1. Энэхүү журмаар Монгол Улсын Боловсролын их сургууль (цаашид МУБИС гэх)-ийн судлаачийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, зөрчилд дүн шинжилгээ хийх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх Судалгааны ёс зүйн хорооны үйл ажиллагааг зохицуулна.

 

1.2. МУБИС-ийн Судалгааны ёс зүйн хороо нь МУБИС-ийн Судлаачийн ёс зүйн дүрэм, МУБИС-ийн Оюуны өмчийн талаар баримтлах бодлого болон энэхүү журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.

 

1.3. Судалгааны ёс зүйн хороо нь үйл ажиллагаандаа хүний эрх, нэр төр, мэргэжлийн нэр хүндийг хүндэтгэх, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш хандах, үнэнч, шударга, бие даасан, нээлттэй ил тод, хүндэтгэлтэй, хууль тогтоомж, шударга ёсыг дээдлэх, нууцыг хадгалах, хараат бус байх зарчмыг удирдлага болгож ажиллана.

 

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

2.1. Энэхүү журамд ашигласан нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

2.1.1. “Өргөдөл” гэж судлаачийн Судалгааны ёс зүйн хороонд гаргасан судалгааны ажил эхлүүлэх хүсэлт, мөн судалгааны ажилд судлаачийн ёс зүйн хэм хэмжээг баримталсан эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг;

2.1.2. "Зөвшөөрөл" гэж судлаачийн гаргасан өргөдлийн дагуу судалгааны ажил эхлүүлэхийг зөвшөөрсөн Судалгааны ёс зүйн хорооны шийдвэрийг;

2.1.3. “Дүгнэлт” гэж судлаач судалгааны ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх Судалгааны ёс зүйн хорооны шийдвэрийг,

2.1.4. "Ашиг сонирхлын зөрчил" гэж судалгааны ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох, судалгааны ажлын ёс зүйн дүгнэлт гаргахтай холбоотой шийдвэр гаргахад хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг.

 

 

ГУРАВ. ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ЭРХ, ҮҮРЭГ

 

3.1. Хороо нь бүрэлдэхүүний болон салбар сургуулийн төлөөллөөс бүрдсэн 9 гишүүнтэй байна.

3.2. Хорооны гишүүнийг бүрэлдэхүүний болон салбар сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаас сонгож, МУБИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулна.

3.3. Хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.

3.4. Хорооны гишүүдийн нууц санал хураалтаар хорооны дарга, нарийн бичгийн даргыг сонгож, МУБИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулна.

3.5. Хорооны бүрэлдэхүүнд дараах шаардлага хангасан багш, судлаачийг 3.2-т заасны дагуу сонгоно. Үүнд:

 3.5.1. доктор зэрэгтэй байх;

 3.5.2. ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хариуцлага хүлээж байгаагүй;

 3.5.3. тухайн сургуульд 5-аас доошгүй жил ажиллаж байгаа;

 3.5.4. судалгааны ёс зүйн мэдлэг, туршлагатай;

 3.6. Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг дараах тохиолдолд хугацаанаас өмнө чөлөөлнө. Үүнд:

 3.6.1. хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;

 3.6.2. хууль болон дотоод журамд заасны дагуу 6 сараас дээш хугацаагаар чөлөө авсан;

 3.6.3. ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон;

 3.6.4. ажлаас чөлөөлөгдөх, халагдах.

3.7. Чөлөөлөгдсөн гишүүний оронд харьяа бүрэлдэхүүний болон салбар сургуулийн Эрдмийн зөвлөл дахин нэг гишүүнийг журамд заасны дагуу сонгож, МУБИС-ийн ректорын тушаалаар нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа чөлөөлөгдсөн гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар тодорхойлогдоно.

3.8. Хорооны даргын эрх, үүрэг:

3.8.1. Хорооны хурлыг удирдах;

3.8.2. Хорооны ээлжит болон ээлжит бус хурлыг товлон зарлах;

3.8.3. Судалгааны ажлын эрсдэлийн түвшнийг тодорхойлох, шаардлагатай үед тодорхой асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор хөндлөнгийн хараат бус, мэргэжлийн шинжээчийг томилох;

3.8.4. Дүгнэлт гаргах гишүүнийг томилох;

3.8.5. Хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

3.8.6. Хорооны хурлын тэмдэглэл, зөвшөөрөл, дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулах;

3.8.7. Хорооны гишүүн тус журамд заасан чиг үүргийг биелүүлээгүй, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, эсвэл хичээлийн жилд хорооны хурлын 1/3-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд хугацаанаас өмнө чөлөөлөх саналыг МУБИС-ийн захиралд хүргүүлэх;

3.9. Хорооны нарийн бичгийн даргын эрх, үүрэг:

3.9.1. Хөндлөнгийн мэргэжлийн шинжээч, дүгнэлт гаргах гишүүнийг даргад санал болгон танилцуулах;

3.9.2. Хорооны даргын удирдлагаар хорооны дотоод үйл ажиллагааг зохион байгуулах;

3.9.3. Бичиг хэргийг хариуцан хөтлөх, гишүүдэд мэдээлэл хүргэх;

3.9.4. Хурлын бэлтгэлийг хангах, хурлын зар, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл болон ёс зүйн зөвшөөрөл авах, дүгнэлт гаргахад шаардлагатай бусад баримт бичгийг зохих журмын дагуу бэлтгэх, гишүүдэд хурал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр хүргүүлэх;

3.9.5. Хурлын тэмдэглэлийг хөтлөх, гарах шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулах

3.9.6. Хурлын шийдвэрийн дагуу тогтоолыг МУБИС-ийн https://msue.edu.mn сайтад байршуулах;

3.9.7. Бичиг баримтыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу архивлан хадгалах.

3.10. Хорооны гишүүний эрх, үүрэг:

3.10.1. Үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлаар саналаа илэрхийлэх;

3.10.2. Хуралд хэлэлцэж буй асуудлаар санал хэлэх, санал өгөх;

3.10.3. Судлаачдын судалгааны ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох, хянах, ёс зүйн шаардлага хангаагүй судалгааны ажлыг түдгэлзүүлэх, зогсоох, дүгнэлт гаргах, санал оруулан шийдвэрлүүлэх;

3.10.4. Шаардлагатай тохиолдолд өргөдөл гаргагчаас шийдвэр гаргахад нэмэлт мэдээлэл, тайлбар, тодруулга авах;

3.10.5. Хорооны хурлаас гарсан шийдвэр, өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;

3.10.6. Хэлэлцэж буй асуудлаар ашиг сонирхлын зөрчилгүй тохиолдолд санал хураалтад оролцох;

3.10.7. Хорооны хурлын зөвшөөрөл, дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулах;

3.10.8. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүйд хүрвэл хурал болохоос нэг хоногийн өмнө дарга эсвэл нарийн бичгийн даргад мэдэгдэх.

 

 

ДӨРӨВ. ХОРООНЫ ЧИГ ҮҮРЭГ

 

4.1 Хороо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1.1. МУБИС-ийн судлаачийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг ханган ажиллах;

4.1.2. МУБИС-ийн хэмжээнд хийх аливаа судалгаа, туршилт, ажиглалт, шинжилгээний үед баримтлах судлаачийн ёс зүйн журам болон хэм хэмжээг сахин мөрдүүлэх;

4.1.3. Судалгааны ёс зүйг түгээн дэлгэрүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах;

4.1.4. Судалгааны ёс зүйн зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт, эрсдэлийн үнэлгээний хуудас боловсруулах, шинэчлэх;

4.1.5. Өргөдөл хүлээн авч, судалгааны ажил нь МУБИС-ийн судлаачийн ёс зүйн дүрэмд нийцсэн эсэхийг тогтоон шийдвэрлэж зөвшөөрөл олгох, эсвэл татгалзах

4.1.6. Судалгааны ажилд ёс зүйн хэм хэмжээг баримталж ажилласан эсэх асуудалд дүгнэлт гаргах,

4.1.7. Судалгааны ёс зүйн зөрчил гаргасан талаар гомдол хүлээн авч шийдвэрлэх,

4.1.8. Судалгааны ёс зүйн талаарх удирдамж, гарын авлага гаргах, сургалт зохион байгуулж, ёс зүйн зөвлөгөө өгөх;

4.1.9. Судлаачийн ёс зүйн дүрэм, Хорооны ажиллах журмын хэрэгжилтийн талаарх тайланг жилийн эцэст Хорооны дарга МУБИС-ийн Ректорын зөвлөлийн хуралд танилцуулах.

 

ТАВ. ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

5.1. Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь гишүүдийн хурал байна. Хурлыг хорооны дарга удирдан явуулна. Хурлыг танхим болон цахим, эсвэл холимог байдлаар хийж болно.

5.2 Хороо зөвшөөрөл авах, дүгнэлт гаргуулах судлаачийн өргөдөл, холбогдох баримт материалыг МУБИС-ийн цахим (https://msue.edu.mn) хуудсаар бүртгэн,rec@msue.edu.mn хаягаар хүлээн авна. Бүрдүүлсэн материал шаардлага хангасан тохиолдолд Хорооны хурлаар хэлэлцүүлнэ.

5.3. Гишүүдийн 70%-иас дээш ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.

5.4. Хорооны дарга нь өргөдөл гаргагчийн судалгааны ажлын эрсдэлийн түвшнээс хамааран ёс зүйн хяналтыг дараах байдлаар хийнэ. Үүнд:

5.4.1. Судалгааны ажлын эрсдэлийг бага гэж үзсэн тохиолдолд хорооны гишүүдийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх

5.4.2. Судалгааны ажлыг эрсдэлтэй буюу эрсдэл өндөр гэж үзсэн тохиолдолд хөндлөнгийн мэргэжлийн шинжээч (тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, судалгааны ажлын туршлагатай судлаач, багш)-ийг томилон хянуулж, дүгнэлт гаргуулан Хорооны хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх

5.5. Хорооны гишүүн судалгааны ажилд ёс зүйн хэм хэмжээг баримталж ажилласан эсэх талаар гаргасан дүгнэлтээ хорооны хуралд танилцуулан хэлэлцүүлнэ.

5.6. Хороо хуралдаж, өргөдлийг хэлэлцэж, судалгааны ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох, эсвэл судалгааны төгсгөлд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргана. Хэлэлцэж буй асуудлын талаар хуралдаанд оролцож буй гишүүдийн 75 хувиас дээш дэмжсэн тохиолдолд батална.

5.7. Хурлаас гарсан шийдвэрийг тусгайлан дугаарлаж, албан маягт дээр хэвлэж ажлын өдрийн дотор өргөдөл гаргагчид хүлээлгэн өгнө.

5.8. Хорооны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг 21 хоногийн дотор Хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариуг хүргүүлнэ. Хорооны шийдвэрийг бүхэлд нь болон хэсэгчлэн зөвшөөрөхгүй байгаа нөхцөлд өргөдөл гаргагч МУБИС-ийн Ёс зүйн хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.

 

ЗУРГАА. ХОРООНЫ САНХҮҮЖИЛТ

 

6.1. Хорооны бичиг хэрэг, гишүүдийн урамшуулал болон үйл ажиллагааны бусад зардлыг МУБИС тухайн жилийн эрдэм шинжилгээний төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

6.2. Хөндлөнгийн мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулсан тохиолдолд ажлын хөлс тооцон олгоно.

6.3. Хөндлөнгийн мэргэжлийн шинжээчид олгох ажлын хөлс, өргөдөл гаргагчийн төлөх хураамжийн хэмжээг МУБИС-ийн ректорын тушаалаар батална.

 

 

ДОЛОО. ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГА

 

7.1. Хорооны гишүүн шийдвэр гаргахдаа ашиг хонжоо харах, эрх мэдлээ урвуулан ашиглахыг хориглоно.

7.2. Хорооны гишүүн энэхүү журам болон “МУБИС-ийн Ёс зүйн дүрэм” -ийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ба ёс зүйн хэм хэмжээг санаатай зөрчсөн бол “МУБИС-ийн Ёс зүйн дүрэм”-ийн 6.2.1. 6.2.3-т заасан хариуцлага хүлээнэ.

7.3. Хорооны гишүүн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, хичээлийн жилд хорооны хурлын 1/3-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан нөхцөлд Хорооны гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох үндэслэл болох бөгөөд дахин хорооны гишүүнээр сонгохгүй.

 

НАЙМ. ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

 

8.1. Энэхүү журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн нэгжид гаргана.

8.2. Энэхүү журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийг МУБИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, МУБИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулна.

 

 

МУБИС-ийн Судалгааны ёс зүйн хорооны ажиллах

журмын нэгдүгээр хавсралт

 

 

 

Судалгааны ёс зүйн зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт

 

  1. Эрсдэлийн үнэлгээний хуудас
  2. Судалгааны ёс зүйн зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл
  3. Судалгааны ажлын товч танилцуулга
  4. Хэрэв хүнийг оролцуулсан судалгаа бол зөвшөөрлийн хуудас
  5. Судалгааны арга, аргачлалыг хэлэлцсэн тухай тэнхим, бүрэлдэхүүний болон салбар сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлын тэмдэглэл
  6. Гаднын байгууллагатай хамтарсан бол тухайн байгууллагын судалгааны ёс зүйн хорооны зөвшөөрлийн хуулбар, албан ёсны орчуулга
  7. Судалгаа хийх байгууллагын зөвшөөрөл бүхий албан бичиг

 

Судалгааны ёс зүйн дүгнэлт гаргахад бүрдүүлэх бичиг баримт

 

  1. Судалгааны ёс зүйн дүгнэлт гаргахыг хүссэн өргөдөл
  2. Судалгааны ажлын товч тайлан
  3. Судалгааны ёс зүйн асуудалтай холбоотой ямар асуудал хөндсөн, яаж шийдвэрлэсэн талаар товч танилцуулга
  4. Судалгааны үр дүнд хэвлэгдсэн бүтээл
  5. Судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцсэн тухай тэнхимийн хурлын тэмдэглэл
  6. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийн хуулбар
  7. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн гарын үсэг бүхий зөвшөөрлийн хуудас
  8. Судалгаа хийсэн байгууллагын судалгааны явцад ёс зүйг зөрчөөгүйг баталгаажуулсан албан бичиг. Үүнд хамтын ажиллагааны гэрээтэй гадаад улсын их сургууль, байгууллагын судалгааны ёс зүйн хорооны албан бичиг мөн хамаарна.