ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                        Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж

2.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг;

3.1.2."хөдөлмөрийн аюулгүй байдал" гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг;

3.1.3."хөдөлмөрийн эрүүл ахуй" гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг;

3.1.4."хөдөлмөрийн нөхцөл" гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг;

3.1.5."үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл" гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг;

3.1.6."үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл" гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг;

3.1.7. "ажлын байран дахь эрсдэл" гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг;

3.1.8."эрсдэлийн үнэлгээ" гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг;

3.1.9. "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг;

3.1.10."хурц хордлого" гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг;

3.1.11."тусгай хувцас" гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг;

3.1.12."нэг бүрийн хамгаалах хэрэгсэл" гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;

3.1.13."хамтын хамгаалах хэрэгсэл" гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;

3.1.14."хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо" гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааны цогцыг;

/Энэ заалтад 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.15."ахуйн байр" гэж иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг;

3.1.16."үйлдвэрлэлийн ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилах" гэж гүйцэтгэж буй ажлын аюултай, хортой, хүнд, ачаалалтай байдал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийн хэм хэмжээнд нийцэж байгаад үнэлгээ өгөхийг;

3.1.17."хөдөлмөрийн аюулгүй нөхцөл" гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг;

3.1.18."үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал" гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг;

3.1.19."хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт" гэж хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээг.

3.1.20."үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг;

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.21."үйлдвэрлэлийн орчин" гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг;

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.22."эрсдэлийн түвшин их ажлын байр" гэж хөдөлмөрлөх явцад ажилтанд учирч болзошгүй аюултай хүчин зүйлийн магадлал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байхыг.

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ:

4.1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3-т заасан  ажил олгогч, ажилтан;

/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.2. хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн;

4.1.3.иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид;

4.1.4. аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч;

4.1.5. хугацаат ба цэргийн гэрээт алба хаагч, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.6. хоршоо, нөхөрлөлийн гишүүд;

4.1.7. ял эдэлж байгаа хоригдол;

4.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн.

4.1.9. хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн.

5 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, зарчим

5.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдэнэ.

5.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хэм хэмжээний шаардлага нэгдмэл байх;

5.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хэрэгжүүлэх байнгын хяналтын тогтолцоог хангах;

5.2.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдээллийн ил тод, үнэн бодит байдлыг хангах;

5.2.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлсэн байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт

6 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт

6.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, нэгдмэл байна.

6.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт боловсруулах, батлуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн стандартын асуудал эрхэлсэн байгууллага холбогдох хуулийн дагуу батална.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн орчин, барилга байгууламжид тавих шаардлага

/Энэ зүйлийн дугаарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.1.Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.

7.2./Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.2.Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг болон үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг хамтран эзэмших, ашиглахад тавих шаардлага

/Энэ зүйлийн дугаарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг болон үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг хоёр буюу түүнээс дээш ажил олгогч хамтран эзэмших, эсхүл ашиглаж байгаа бол эзэмшигч, ашиглагч дараахь шаардлагыг хангах үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.1.эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах;

8.1.2.үйлдвэрлэлийн явцад химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисыг хэрэглэж буй эзэмшигч, ашиглагч нь энэ тухай харилцан бие биедээ мэдээлж, аюулгүй байдлыг хангах нэгдсэн арга хэмжээ авах;

8.1.3.энэ хуулийн 8.1.2-т заасны дагуу мэдээлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал нь хариуцах.

8.2. Энэ хуулийн 8.1.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмшихийг хориглоно.

9 дүгээр зүйл. Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага

9.1.Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараахь шаардлагыг хангасан байна:

9.1.1. машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх;

9.1.2. машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх;

9.1.3 машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх;

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.4 машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийж байх.

9.2.Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэхдээ ашиглалтын паспорт, гэрчилгээний хамт шилжүүлнэ.

9.3.Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна.

9.4.Цахилгааны тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байна.

9.5.Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.

10 дугаар зүйл. Өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага

10.1.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.

10.2.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна.

10.3.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна.

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.4.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна.

11 дүгээр зүйл. Даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлага

11.1. Даралтат сав, шугам хоолой нь дараахь шаардлагыг хангасан байна:

11.1.1. даралтат сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх;

11.1.2. даралтат сав, шугам хоолойг аюулгүй ашиглах, удаан хугацаагаар зогсоох болон хадгалах үеийн ашиглалтын журамтай байх;

11.1.3. даралтат сав, шугам хоолойг зориулалтын ялгагдах таних тэмдэг, ослоос урьдчилан сэргийлэх дохиоллын болон хамгаалалтын хэрэгслээр тоноглосон байх.

12 дугаар зүйл. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага

12.1.Ажил олгогч нь химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис, түүний нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

12.2.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн явцад хэрэглэж байгаа химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын талаар тэмдэглэл хөтөлж, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн хяналтын болон холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлнэ.

12.3.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцан ажиллагч нь тухайн бодисын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг, дадлагатай байна.

12.4.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэх, харьцах аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах бусад шаардлагыг холбогдох хуулиар зохицуулна.

12.5.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын хэрэглээтэй холбоотой осол, хурц хордлого гарсан тохиолдолд үйлдвэрлэлийн ослын нэгэн адил судлан бүртгэнэ.

13 дугаар зүйл. Галын аюулгүй байдалд тавих шаардлага

13.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ.

13.2.Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна.

13.3.Галын аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14 дүгээр зүйл. Эрүүл мэндийн үзлэг

14.1.Ажил олгогч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил, үйлчилгээтэй холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг хамруулна.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасны дагуу эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч хариуцна.

14.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд гүйцэтгэж буй тухайн ажил, хөдөлмөрт шаардлагатай бол эмнэлгийн үзлэгт орсон байна.

14.4.Ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

15 дугаар зүйл. Ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах

15.1.Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт

тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.

15.2. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна.

15.3. Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ.

15.4. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй.

16 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлд тавигдах шаардлага

16.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны нөхцөл нь тэдний хөдөлмөрлөх чадварт нь тохирсон байна.

16.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр нь түүнийг орж, гарахад нь саад болохооргүй байдлаар тоноглогдсон байна.

17 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон мэргэжлийн сургалт

17.1.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна.

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан сургалт нь дараахь төрлөөр зохион байгуулагдаж болно:

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.2.1. шинээр ажилд орж байгаа иргэний сургалт;

17.2.2. өөр ажлын байранд шилжиж байгаа иргэн, ажилтны сургалт;

17.2.3. үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт.

17.3.Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна.

17.4.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна.

17.5.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх харилцааг Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулийн дагуу зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах иргэн, ажилтны эрх, үүрэг

18 дугаар зүйл.Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх, үүрэг

18.1.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг эрхтэй байна:

18.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах;

18.1.2.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдах;

18.1.3.ажлын байрны нөхцөл, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, түүнчлэн үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн талаар бодит мэдээлэл авах;

18.1.4.ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх;

18.1.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хэлэлцэхэд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох.

18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна:

18.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;

18.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх;

18.2.3.хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;

18.2.4. эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орох;

18.2.5. ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;

18.2.6. ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;

18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;

18.2.8. ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, бүрэн эрх, санхүүжилт

19 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах байгууллагын тогтолцоо

19.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, салбар хороо болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хяналтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл, ажилтнаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

20 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

20.1.Улсын Их Хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи үндэсний бодлогыг тодорхойлох;

20.1.2. онцгой байдлын үед хүн амын амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлаар Засгийн газар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагын бүрэн эрхийг тодорхойлох;

20.1.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи олон улсын гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;

20.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

21 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

21.1.Засгийн газар нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг хангах;

21.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.3.өөрийн бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах;

21.1.4.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

21.1.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн хяналтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх журам тогтоох;

21.1.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдээллийг түгээх, статистик мэдээллийн нэгдсэн сан байгуулах журмыг тогтоох;

21.1.7.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи судалгаа, шинжилгээг холбогдох байгууллагаар хийлгэх;

21.1.8.үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах;

21.1.9.эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалтыг батлах;

/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

21.1.10.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах;

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

21.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22 дугаар зүйл. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

22.1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

22.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн байгууллага, тэдгээрийн мэргэжлийн салбар, төрийн бус байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах;

22.1.3.төрийн захиргааны төв болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар салбарын болон салбар дундын эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлах;

/Энэ заалтад 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

22.1.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн боловсон хүчний асуудлаар холбогдох байгууллагад санал оруулах;

22.1.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам тогтоох;

22.1.6.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын талаархи тайланг гаргах, хөдөлмөрийн хортой, аюултай нөхцөл бүхий ажлын байрны мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох газар, олон нийтэд мэдээлэх;

22.1.7.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх;

22.1.8.ажил олгогчоос төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг өөрчлөх саналыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд оруулах;

/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

22.1.9.мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагыг байгуулах, бүтэц, орон тоо, дүрмийг батлах;

22.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

23 дугаар зүйл.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, түүний бүрэн эрх

23.1.Төрийн захиргааны байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл бүхий тэнцүү тооны гишүүдээс бүрдсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо /орон тооны бус/-г хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, салбар хороог уг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулж ажиллуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

23.2.Үндэсний хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг талуудын саналыг харгалзан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Үндэсний хорооны дарга, салбар хорооны дүрмийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо тус тус батална.

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

23.3.Үндэсний хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.3.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох;

23.3.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар санал, зөвлөмж гаргах;

23.3.3.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнг жил бүр Засгийн газарт мэдээлэх;

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23.3.4.олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэн орох асуудлыг боловсруулахад төлөөллөө оролцуулах.

23.3.5.эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалт батлуулахаар Засгийн газарт санал хүргүүлэх.

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

23.4.Үндэсний хорооны үйл ажиллагааны зардлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, салбар хорооны үйл ажиллагааны зардлыг уг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсвийн багцад тус тус тусгана.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

24 дугээр зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгө болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагааны холбогдох зардлыг төсөвт суулгаж, хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тухайн шатны Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх;

24.1.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох шийдвэр гарган, хэрэгжилтэд хяналт тавих;

24.1.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;

24.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

25 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын бүрэн эрх

25.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг төлөвлөж, хэрэгжүүлэх;

25.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

25.1.3.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгааныг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

25.1.4.хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулсан үйлдвэрийн томоохон осол, хурц хордлогын үед түүний хор уршгийг арилгах, хүн амыг авран хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээ шуурхай авах;

25.1.5.хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн нутаг дэвсгэртээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь уялдуулах;

25.1.6.хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг энэ хууль болон холбогдох стандартын дагуу зохион байгуулах;

/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

25.1.7.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон нутгийн зөвлөл байгуулж, ажиллуулах;

/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

25.1.8. хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.2.Сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн болон иргэдийн Нийтийн хурал, дээд шатны Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

25.2.2.үйлдвэрлэлийн осол, аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллөөс иргэдийг хамгаалах, сэрэмжлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;

25.2.3.энэ хуулийн 25.1.6-д заасан бүрэн эрх;

/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

25.2.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

251 дүгээр зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны чиг үүрэг

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

251.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

251.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

251.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах;

251.1.3.харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх;

251.1.4.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх;

251.1.5.харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой мэдээллийг төрийн байгууллага, ажил олгогчоос гаргуулан авах;

251.1.6.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

251.2.Аймаг, сум, нийслэл, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг тухайн шатны хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

26 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний санхүүжилт

26.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

26.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

26.1.2.гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хандив;

26.1.3.гадаадын зээл, тусламж;

26.1.4.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зарцуулах хөрөнгө;

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

26.1.5.хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.

/Энэ заалтын дугаарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.2.Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.3.Энэ хуулийн 22.1.9-д заасан мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

26.4.Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй.

26.5.Энэ хуулийн 26.2-т заасан хөрөнгийг дараах арга хэмжээнд зарцуулна:

26.5.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа;

26.5.2.ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт хамруулах;

26.5.3.ажилтныг сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх;

26.5.4.ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл;

26.5.5.ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюул, эрсдэлгүй байдлыг хангах;

26.5.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, ажилтан, зөвлөлийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа;

26.5.7.ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах;

26.5.8.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээ.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ТАВДУГААР БҮЛЭГ

Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалт

27 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц, зохион байгуулалт

27.1.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.

27.2.Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.

27.3.Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

27.3.1.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх;

27.3.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;

27.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;

27.3.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;

27.3.5.ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;

27.3.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах;

27.3.7.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

27.4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.

27.5.Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана:

27.5.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох;

27.5.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах;

27.5.3.осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах;

27.5.4.энэ хуулийн 27.3, 28 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай хамтран ажиллах.

27.6.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтцийн жишиг, ажилтны орон тооны норматив, зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

27.7.Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.

/Энэ зүйлийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

28 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг

28.1.Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна:

28.1.1.үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

28.1.2.үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах;

28.1.3.хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.1.4.ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;

/Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

28.1.5.ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх;

28.1.6.ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх;

28.1.7.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх;

28.1.8.аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;

28.1.9.хөдөлмөрийн аюултай, хортой нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах;

28.1.10.хэт халуун буюу хүйтэн, салхитай, хур тунадастай зэрэг задгай газар, халаалтгүй байранд ажиллаж байгаа ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр завсарлагын үед амрах, дулаацах, хоргодох зориулалтаар тоноглож тохижуулсан ахуйн байраар хангах;

/Энэ заалтад 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.1.11.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх;

28.1.12. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх;

28.1.13. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн талаар илэрсэн зөрчил, дутагдал, эрх бүхий этгээдийн гаргасан шаардлага, дүгнэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч, эргэж мэдэгдэх;

28.1.14. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах;

28.1.15. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох;

28.1.16. Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсадын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

28.2.Ажил олгогч нь дараахь эрхтэй байна:

28.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх;

28.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний төсөв, зардлыг баталж, хэрэгжүүлэх;

28.2.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх.

28.3.Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

28.4.Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, тэдгээрийг судалж бүртгэх

29 дүгээр зүйл. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээ

29.1.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна.

29.2.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.

29.3.Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.

29.4.Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

29.4.1.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах;

29.4.2.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах.

29.5.Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу  шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.6.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэх зардлыг осол гарсан аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.

29.7.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын тухай мэдээг тогтоосон журмын дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн статистикийн байгууллагад мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.8.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно.

30 дугаар зүйл. Мэргэжлээс шалтгаалах өвчин, түүнтэй холбогдсон хөдөлмөр зохицуулалт

30.1.Мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

30.2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас бий болсон хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг Эрүүл мэндийн магадлалын зөвлөл шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс" гэснийг "Эрүүл мэндийн магадлалын зөвлөл" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

30.3.Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

31 дүгээр зүйл. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ

31.1.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

31.2.Ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт нь, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэнэ.

31.3.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт

32 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт

32.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараахь этгээд өөрийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавина:

32.1.1.Улсын Их Хурал;

32.1.2.Засгийн газар;

32.1.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

32.1.4. хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан;

32.1.5.аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, хяналтын алба;

/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.1.6. ажилтны төлөөллийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага.

33 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн захиргааны хяналт

33.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль  тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.2.Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

33.2.1.ажлын байранд ашиглагдаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, техникийн паспортын хөтлөлтийн байдалд үзлэг шалгалт хийх;

33.2.2.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан иргэн, ажилтны ажил, үүргийн гүйцэтгэлтэй танилцаж заавар, зөвлөгөө өгөх;

33.2.3.өргөх, тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолойд мэргэжлийн байгууллагаар туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэсэн эсэхийг шалгах;

33.2.4.ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгслийн хангалт, хэрэглээний байдалтай танилцах;

33.2.5.үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах;

33.2.6.хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ажлын байр нь стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах;

33.2.7. хуульд заасан бусад бүрэн эрх.

33.3. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

33.3.1.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуйн ажлын зохион байгуулалттай танилцах, зөвлөгөө өгөх;

33.3.2.ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;

33.3.3.хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгаанд хяналт тавих;

/Энэ заалтад 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 33.3.4./Энэ заалтыг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

33.3.5.ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих;

/Энэ заалтад 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33.3.6.хуульд өөрөөр заагаагүй бол химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын ашиглалт, хадгалалтад хяналт тавих;

33.3.7.ажилтанд зориулсан ахуйн байрны хүрэлцээ, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх, хөдөлмөрлөх орчны сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах арга хэмжээний үр дүнг шалгаж, зөвлөгөө өгөх;

33.3.8.эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг, мэргэжлээс шалтгаалсан болон ажилтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хөдөлмөрийн нөхцөлд хийсэн хэмжилт, шинжилгээний үзүүлэлттэй холбон үнэлэлт өгөх;

33.3.9.мэргэжлээс шалтгаалсан болон ажлын байрны нөхцөлтэй холбоотой өвчнийг тогтооход ажлын байрны нөхцөлийн талаар санал, дүгнэлт гаргах;

33.3.10.хуульд заасан бусад бүрэн эрх

33.4.Хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

33.4.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын шаардлагын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг хангуулах;

33.4.2.ажилтны эрүүл мэнд, амь насанд нь шууд аюул учруулах нөхцөл үүссэн тохиолдолд ажлаа зогсоох шаардлага тавих;

33.4.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн талаар илэрсэн зөрчлийг арилгуулах тодорхой хугацаатай шаардлагыг ажил олгогчид өгөх;

33.4.4.хөдөлмөрийн болон хамтын гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хүлээсэн үүргийн биелэлтийг аж ахуйн нэгж, байгууллагад шалгах, зөвлөгөө өгөх;

33.4.5.үйлдвэрлэлийн барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах, туршилт хийх комиссын бүрэлдэхүүнд оролцох;

33.4.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах;

33.4.7.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан асуудлаар үүссэн маргааныг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцох;

33.4.8.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар тавьсан шаардлага болон хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан, ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад санал оруулах;

33.4.9.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн ажил олгогчийн тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг зогсоох буюу хориглох саналаа холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

33.4.10. аж ахуйн нэгж, байгууллага, түүний нэгж, хэсгийн болон ажлын байр, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа нь ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нь тогтоогдсон тохиолдолд үйл ажиллагааг шууд зогсоох.

34 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар тавих олон нийтийн хяналт

34.1.Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах болон төрийн бус байгууллага нь олон нийтийн хяналтыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

34.1.1.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын талаар үнэн зөв мэдээлэл авах;

34.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн зөрчлийг арилгах шаардлагыг ажил олгогчид тавих;

34.1.3. хөдөлмөрийн болон хамтын гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээсэн үүргийн биелэлт, түүний явцыг дүгнэж, нийт ажилтанд мэдээлэх;

34.1.4. үйлдвэрлэлийн барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах, туршилт хийх комиссын бүрэлдэхүүнд оролцох;

34.1.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, санал өгөх;

34.1.6. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан асуудлаар үүссэн маргааныг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцох;

34.1.7. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар болон хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан, ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналаа холбогдох байгууллагад тавих.

35 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт

35.1.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.

35.2.Ажил олгогч дотоодын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.

35.3.Ажилтны төлөөлөгч болон ажилтан нь аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт тавих үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

36 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

36.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

36.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад заалт

37 дугаар зүйл. Маргааныг шийдвэрлэх

37.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар ажил олгогч, ажилтан болон хөдөлмөр эрхэлж буй этгээдийн хооронд үүссэн маргааныг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН