
Турк улсын Истанбул хотноо 2025 оны 9 дүгээр сарын 06-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол хэл шинжлэлийн олон улсын VI эрдэм шинжилгээний хуралд (ML 2025)-д 13 орны 50 гаруй хэл шинжээч оролцлоо.
Истанбул их сургуулийн ᠌”Орчин үеийн Түрэг хэл, уран зохиолын тэнхим” зохион байгуулсан бөгөөд монгол хэлний бүтэц, хэрэглээ, харьцуулсан судалгаа, хэл шинжлэлийн онолын асуудлуудыг хөндсөн олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцэв.
Монгол Улсын Боловсролын их сургуулийг төлөөлөн эрдэмтэн багш нар дараах сэдвүүдээр илтгэл тавилаа. Үүнд:
• “Монгол хэлний хэмжүүр үгийн харьцуулсан судалгаа” сэдвээр
МУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа,
• “Байж байсан байгаа байхгүй юу: Орчин цагийн халх аялгуу дахь холбоос үг (copula)-ийн хэрэглээ” сэдвээр
МУБИС-ийн зөвлөх профессор (Library of Congress) М.Саруул-Эрдэнэ,
• "Хүний нэр агуулсан хэлц үгсийн шинжилгээ” сэдвээр
Орос хэлний тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ш.Цолмон, МУБИС-ийн докторант Бямбачулууны Даваасүрэн нар тус тус илтгэлээ хэлэлцүүлсэн юм.
Хурлын үеэр МУБИС-ийн төлөөлөгчид олон улсын хэл шинжээчидтэй санал солилцож, судалгааны арга зүй, хэл шинжлэлийн шинэ чиг хандлагын талаар харилцан туршлага хуваалцсан нь Монгол хэлний судалгааг олон улсад таниулан хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.