МУБИС-ийн ректорын 2024 оны 10 дугаар сарын 09-ны
өдрийн А/359 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Монгол Улсын Боловсролын их сургуулийн судлаачийн ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлж, эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, судлаачийн нэр хүндийг хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино.
- МУБИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, суралцагч болон хамтран ажиллаж байгаа дотоод, гадаадын байгууллагуудын хийж гүйцэтгэх аливаа судалгаа, ажиглалт, сорилт, туршилт, шинжилгээ, судалгааны ажлын бүхий л үе шатанд энэхүү дүрмийг мөрдөж ажиллана.
- МУБИС-ийн судлаач нь дотоод, гадаадын байгууллагын судлаачтай хамтран судалгааны ажил хийж гүйцэтгэхдээ МУБИС-ийн судлаачийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдөнө. Судалгааны ажлыг гүйцэтгэх явцдаа энэхүү ёс зүйн хэм хэмжээг зөрчихөөс сэргийлэх зорилгоор гэрээ байгуулж болно.
- Энэхүү дүрмээр нарийвчлан зохицуулснаас бусад харилцааг Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/156 тоот тушаалаар батлагдсан Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм болон бусад холбогдох журмаар тус тус зохицуулна.
- Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээнд энэхүү дүрэмд зааснаас өөрөөр заасан бол тус гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ХОЁР. НИЙТЛЭГ ЗАРЧИМ
2.1. Энэхүү дүрмийг хэрэгжүүлэхэд Боловсролын ерөнхий хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасан зарчмуудаас гадна дараах нийтлэг зарчмыг баримтална:
2.1.1. Судалгааны арга зүй, үр дүнг шударгаар үнэн бодитой мэдээлэх, судалгаанд оролцож буй хүмүүстэй шударга харьцах, аливаад үнэнийг эрхэмлэх;
2.1.2. Хувь хүн бусад судлаач, тэдгээрийн үзэл бодол, оюуны өмч, жендерийн тэгш эрхийг хүндэтгэх;
2.1.3. Шинжлэх ухааны мэдээ баримт, тооцоо, дүн шинжилгээ, үндэслэл, үнэлгээ дүгнэлт нь судалгаа, тооцоо, нотолгоонд тулгуурлах, үнэн зөв байх;
2.1.4. Хүн бүртэй адил тэгш харьцаж, хувийн нууц, шашин шүтлэг, онцлог, бусдаас ялгаатай байдлыг нь хүндэтгэх, байгаль, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй хандах;
2.1.5. Судалгааны явцад шинэ санаа гаргахаас эхлэн өгүүлэл хэвлүүлэх хүртэл бүхий л үйл ажиллагаанд (менежмент, зохион байгуулалт, сургалт) хариуцлагатай хандах, оролцох;
2.1.6. Иргэн, судалгаанд оролцогч, хуулийн этгээдийн хувийн мэдээлэл, бүртгэл, тэмдэглэлийн нууцлалыг хадгалах;
2.1.7. Судалгааны үр дүн, дүгнэлт нь шинжлэх ухаанч байх;
2.2. Судлаачийн ёс зүйн нийтлэг зарчмыг удирдлага болгоогүй судалгааны ажлыг МУБИС санхүүжүүлэхээс татгалзах, хамтарсан судалгаанд оролцохгүй байх, судалгааны ажлыг зогсоох үндэслэл болно.
2.3. Судалгааны ажлыг хийж гүйцэтгэх явцдаа зохиогчийн эрхийн зөрчил гаргах, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдахаас ямагт сэргийлэх бөгөөд шийдвэр гаргахдаа судалгааны ажилд оролцогчдын тэгш эрхийг хангана.
ГУРАВ. ДҮРМИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
3.1. Энэхүү дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.
3.1.1. “Амьтан оролцуулсан судалгаа” гэж тухайн судалгаанд лабораторийн амьтан, тэжээвэр амьтан, зэрлэг амьтан оролцуулсныг,
3.1.2. "МУБИС-ийн судлаач" гэж МУБИС-ийн профессор, багш, эрдэм шинжилгээний ажилтан, бакалавр, магистр, докторын түвшний суралцагчийг;
3.1.3. “Судалгаа” гэж ажиглалт, сорилт, туршилт, шинжилгээ зэрэг судалгааны ажлыг;
3.1.4. “Судлаачийн ёс зүй” гэж энэхүү дүрмээр тодорхойлсон шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлыг гүйцэтгэх зарчим, ёс зүйн дэг журмыг багтаасан хэм хэмжээний нийлбэр цогцыг;
3.1.5. “Хамтран ажиллах гэрээ” гэж хоёр буюу түүнээс дээш тооны судалгааны баг хамтран ажиллахаар зөвшилцсөн гэрээг,
3.1.6. “Хүн оролцуулсан судалгаа” гэж тухайн судалгаанд насанд хүрэгч, жирэмсэн эх, ураг, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч, тэгш бус харилцаанд байгаа хүмүүсийг оролцуулахыг;
3.1.7. “Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэг” гэж магистрын судалгааны ажил, докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл /диссертац/, эрдэм шинжилгээний өгүүлэл, нэг сэдэвт бүтээл /монограф/, судалгааны ажлын тайлан хэлэлцүүлэхийг;
3.1.8. “Судалгааны баг” гэж шинжлэх ухаан, технологи, инновацын төсөл, шинжлэх ухааны болон нийгэм, хүмүүнлэг, урлаг, спортын салбарын суурь судалгаа, хавсарга судалгааны ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллаж буй судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудыг;
3.2. Энэхүү дүрэмд тусгайлан тодорхойлсон дээрх нэр томьёог энд заасан утгаар ойлгож хэрэглэх бөгөөд бусад нэр томьёог тухайн харилцааг тусгайлан зохицуулсан МУБИС-ийн холбогдох дүрэм, журамд тусгасан утгаар ойлгож хэрэглэнэ.
ДӨРӨВ. СУДЛААЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
4.1. Судалгааны ажилд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээ:
4.1.1. Үнэн, шударга ёсыг дээдэлж, аливаа асуудалд хараат бус бодитой хандаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, ил тод, эрх тэгш байдлыг эрхэмлэх;
4.1.2. Судалгаанд оролцогчдын халдашгүй байх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургалч байх, эвлэлдэн нэгдэх хүний суурь эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
4.1.3. Нийгмийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, нийгмийн сайн сайханд үйлчлэхийг эрмэлзэх;
4.1.4. МУБИС, хамтрагч байгууллагын болон мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэх;
4.1.5. Хүний нэр төр, хувийн нууц, хуулиар хамгаалсан ашиг сонирхол, академик эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
4.1.6. Бусад судлаачийн ялгаатай үзэл бодол, байр суурь, хандлагыг хүндэтгэж, судалгааны ажилд оруулсан хувь нэмрийг нь зүй ёсоор үнэлэх;
4.1.7. Судлаачийн ёс зүйн эрхэмлэх үнэт зүйл, суурь зарчмуудыг хүндэтгэх;
4.1.8. Нийтээр хүлээн зөвшөөрсөн цахим судалгаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг мөрдөх;
4.1.9. Хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүй байх;
4.1.10. МУБИС-ийн байр, техник, тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, эд зүйлсийг зүй зохистой, зориулалтын дагуу, гамтай ашиглах;
4.1.11. Судалгааны багийн гишүүдийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага, оролцоог хамтран ажиллах гэрээгээр баталгаажуулж, гэрээний заалтыг шударгаар даган мөрдөх;
4.1.12. Хүн, амьтан оролцуулсан туршилт, судалгааны ажилд судалгааны ёс зүйн зөвшөөрөл авах, дүгнэлт гаргах МУБИС-ийн Судалгааны ёс зүйн хорооны ажиллах журмын заалтыг мөрдөх.
ТАВ. СУДЛААЧИЙН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙН ТУСГАЙ ХЭМ ХЭМЖЭЭ
5.1. Судалгаанд хүн оролцуулахад дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална:
5.1.1. Судалгааны үйл ажиллагаа нь оролцогчдод сэтгэл зүй, бие махбодын хувьд аюул, эрсдэл учруулахгүй байх;
5.1.2. Судалгаанд хамрагдах зөвшөөрөлд гарын үсэг зурж зөвшөөрсөн ч судалгааны аль ч үед түдгэлзэх эрхтэй гэдгийг судалгаанд оролцогчдод урьдчилж сануулсан байх;
5.1.3. Аливаа байгууллагын хэрэглэгч, үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулахдаа байгууллагын сангийн мэдээллийг дамжуулах, ашиглах тухай зөвшөөрөл авах;
5.1.4. Судалгааны зорилгоор цуглуулсан мэдээлэл нь байгууллагын мэдээллийн сангаас ангид байж, ашиглаж болохуйц байх;
5.1.5. Эрүүл мэндийн байгууллагын үйлчлүүлэгчийг судалгаанд оролцуулах бол өөрөөс нь зөвшөөрөл авах;
5.1.6. Жирэмсэн эхийг судалгаанд хамруулахад эх болон ургийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг судалгааны эрх ашгаас дээгүүр тавих;
5.1.7. Судалгаанд оролцогчийн хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандаж, нууцыг хадгалах ба судалгаанд оролцогчийн хувийн мэдээллийг оролцогчийн зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй байх;
5.1.8. Хүүхдийг судалгаанд хамруулахдаа хүүхдэд судалгааны зорилго, явцыг нас сэтгэхүйн онцлогт тохируулан танилцуулах, хүүхэд болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авсан байх;
5.1.9. Хүүхэд судалгаанд оролцохыг хүсэхгүй, эсвэл судалгаанд оролцож байгаад болихыг хүсвэл түүний хүсэлтийг хүндэтгэх бөгөөд хүүхдийг судалгаанд оролцуулах, эсвэл үргэлжлүүлэн хамруулахад хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр үргэлжлүүлэх;
5.1.10. Судалгаанд хүүхэд оролцуулах, тэдний фото зураг болон бүтээлийг ашиглах үед хууль ёсны төлөөлөгчөөс заавал зөвшөөрөл авах;
5.1.11. Боловсролын зорилгоор, эсвэл сургалтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хийж байгаа судалгаанд тухайн жилд цэцэрлэг, сургуулийн зүгээс зохион байгуулалттайгаар хууль ёсны төлөөлөгчөөс авсан хугацаатай зөвшөөрлийг ашиглах боломжтой ба зөвшөөрлийн хугацааг сунгах.
5.2. Судалгааны ажилд адил тэгш бус буюу нэг нь нэгнээсээ хараат, эсвэл давуу эрх эдлэх магадлал бүхий харилцаатай этгээдийг оролцуулахад дор дурдсан дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална.
Тайлбар - Энэ зүйлд заасан “Адил тэгш бус, нэг нь нэгнээсээ хараат, эсвэл давуу эрх эдлэх магадлалтай харилцаатай оролцогчид” гэж “багш–суралцагч”, “цэцэрлэг, сургуулийн удирдлага-суралцагч”, “цэцэрлэг, сургуулийн удирдлага-эцэг эх”, “багш-эцэг эх”, “хорих ангийн удирдлага-хүмүүжигч”, “байгууллагын удирдлага–ажилтан”, “ажил олгогч-ажилтан”, “үйлчилгээ үзүүлэгч, ханган нийлүүлэгч-тухайн үйлчилгээг авч буй этгээд”-ийг ойлгоно.
5.2.1. Тэгш бус харилцаанаас үүсэж болох нөлөөлөл, үр дагавар нь тухайн хүний судалгаанд оролцох шийдвэрээ гаргахад нөлөөлөх магадлалтайг тооцоолж, нөлөөллийг багасгахад анхаарч ажиллах;
5.2.2. Судалгаанд хамруулах нь хялбар байх магадлалтай учраас энэ дүрмийн 5.2-ын тайлбарт заасан хүмүүсийг судалгаанд хэт олноор оролцуулахаас сэргийлэх, судалгаанд оролцох шийдвэр гаргахад нь туслах боломжтой хэн нэгэнтэй зөвшилцөх боломж олгох, зөвшилцөх боломжгүй, эсвэл өөрөө бие даан шийдвэр гаргах чадамжгүй бол хууль ёсны төлөөлөгчид нь хандах;
5.2.3. Энэ дүрмийн 5.2-ын тайлбарт заасан хүмүүс судалгаанд оролцохоос татгалзсан, эсвэл судалгааг зогсоосон аль ч тохиолдолд судалгаанд оролцогчийн нөхцөл байдал өмнөхөөс дордохгүй байх ёстойг анхаарч, анхаарал халамж буурах, шударга бус хандах, ялгаварлах, тухайлбал ажлаас нь халах зэрэг сөрөг үр дагавар гарахаас сэргийлэх, бие даасан иргэн хэмээн хүндэтгэж харьцах;
5.3. Хүүхэд, эмчлүүлж буй болон өөрийн ухаангүй байгаа иргэдийг судалгаанд оролцуулахдаа дараах хэм хэмжээг баримтална. Үүнд:
5.3.1. Хүүхэд, эмчлүүлж буй болон өөрийн ухаангүй байгаа иргэдийг судалгаанд оролцуулахдаа заавал хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авсан байх
5.3.2. Хүүхэд, эмчлүүлж буй болон өөрийн ухаангүй байгаа иргэдийг судалгаанд хамруулах тохиолдолд тус судалгаа нь тэдний нөхцөл байдлыг ойлгох, сайжруулах боломжийг нэмэгдүүлэх зорилготой байх.
5.4. Судалгааны ажилд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг оролцуулахдаа дараах хэм хэмжээг баримтална.
5.4.1. Судалгааны ажилд хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авах, судалгаанд хэрхэн оролцуулах, судалгааны аль ч үед судалгааг зогсоох эрхтэйг тайлбарлах, оролцохоос татгалзах, дургүйцэх үед оролцогчийн хүсэлтийг хүндэтгэх;
5.4.2. Судалгаанд оролцогчийн сэтгэцийн онцлогийг харгалзан, таагүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналтдаа байлгах, таагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд үүсэх сөрөг үр дагаврыг багасгах арга замыг судалгааны саналдаа дурдсан байх;
5.4.3. Судалгааны ажилд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хэрхэн тодорхойлох, хэн шийдвэр гаргах, тухайн шийдвэрийг гаргахад мөрдөх шалгуур, оролцохыг зөвшөөрөх чадамжийг хянах процессыг урьдчилан мэдэгдэх.
5.5. Судалгааны ажилд амьтан оролцуулахад дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална. Үүнд:
5.5.1. Судлаач амьтан оролцуулахгүйгээр туршилт, судалгааны үр дүнг үнэн, бодитой гаргаж болох эсэх талаар сайтар судалж, шаардлагатай тохиолдолд амьтан оролцуулсан судалгаа хийх;
5.5.2. Лабораторийн туршилт, сургалт, судалгаанд зөвхөн гарал үүсэл нь тодорхой, зөвшөөрөлтэй газар бойжуулсан амьтдыг оролцуулах;
5.5.3. Амьтныг хээлтэй байх үед болон төллөх үед амьдралын таатай, тохиромжтой нөхцөлд байлгах;
5.5.4. Хэрэв амьтныг барих бол энэрэнгүй сэтгэлээр хандаж, амьтанд хор хөнөөл учруулж болзошгүй дэгээ, хавх болон бусад багаж хэрэгсэл хэрэглэхгүй байх;
5.5.5. Амьтныг тээвэрлэх, ялангуяа алс хол тээвэрлэх явцад улирал, цаг уурын нөхцөлийг харгалзан тухайн тохиолдолд тавигдах эрүүл орчны шаардлагыг хангах;
5.5.6. Туршилт, судалгаа хийж буй газар амьтны биеийн болоод сэтгэл зүйн таатай нөхцөлийг бий болгосон байх;
5.5.7. Туршилтад ашиглах амьтны төрөл, зүйл, нас, хүйс зэрэг хүчин зүйлсийг харгалзан, сонголтоо зөв хийсэн байх;
5.5.8. Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, тухайн амьтанд учрах эрсдэлүүдийг сайтар тооцсоны үндсэн дээр туршилтыг оновчтой төлөвлөсөн байх;
5.5.9. Амьтдыг туршилт, сургалт, судалгаанд ашиглахдаа дараах 3R зарчмыг баримтална.
Тайлбар – Нэг. “Орлуулах - туршилтад заавал амьтдыг оролцуулахгүйгээр дэвшилтэт арга, технологи ашиглан амьтан бус биологийн материалаар орлуулах, эсвэл компьютер болон математик тооцоолон бодох аргуудыг хэрэглэхийг эрмэлзэх, хоёр. Багасгах, цөөрүүлэх -Туршилтад ашиглах амьтдын тоог цөөрүүлэх, шаардлагагүй тохиолдолд амьтны амь таслахаас зайлсхийх, гурав. Нөхцөлийг сайжруулах -Туршилт, судалгаанд оролцож буй амьтдыг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, ая тухтай стрессгүй орчинд байлгах, зөв арчлах, хооллох, аль болох өвдөлтөөс ангид байлгах боломжтой арга техникийг ашиглахыг ойлгоно.
5.5.10. Хэрэв туршилт, судалгааны явцад урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүсэж, амьтны амийг таслах шаардлага тулгарсан тохиолдолд аль болох амьтныг тарчлаан зовоохгүй байх;
5.5.11. Лабораторийн туршилтад хэрэглэсэн амьтны гаралтай сэг, зэм, биологийн гаралтай дээжүүдийг хаях, устгалд оруулахдаа халдварт өвчин тархахаас сэргийлж, автоклавдаж ариутгасны дараагаар био-аюулын таних тэмдэг бүхий уутанд хийж, шууд устгалын нэгж/компанид өгөх.
5.6. Судалгааны ажилд судалгааны өгөгдлийг ашиглахад дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална. Үүнд:
5.6.1. Өгөгдөл болон мэдээлэл үүсгэх, цуглуулах, ашиглах, шинжлэх, нээлттэй тайлагнах, хадгалах, хаях, хуваалцах, устгахдаа судлаачид энэ дүрмийн 4.1.8-д заасан хэм хэмжээг баримтлах;
5.6.2. Судалгааны өгөгдлийн хэлбэрүүдэд хувийн болон нийтийн өгөгдөл, хувь хүний болон албан байгууллагатай холбоотой өгөгдөл, амьтад, ургамал, хөрс, ус гэх зэрэг байгалийн болон биологийн нөөцүүд орох бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй юм. Үүнд: түүвэр судалгаа, фокус бүлгийн ярилцлага, хувийн түүх, намтар, дүрс бичлэг, аудио бичлэг, албан хэрэгцээгээр цуглуулсан тайлан, протокол, өвчний түүх, геномын мэдээлэл, цахим өгөгдөл, их өгөгдөл зэрэг орох;
5.6.3. Хүнтэй холбоотой аливаа өгөгдлийг цуглуулах, ашиглах, тайлагнахдаа “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 5 дугаар зүйл, “Статистикийн тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг нэн тэргүүнд баримталж, хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангаж, хүний хувийн мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулах;
5.6.4. Амьтад болон био нөөцтэй холбоотой аливаа өгөгдлийг судалгаанд ашиглахдаа “Генетик нөөцийн тухай хууль”-ийн 12 дугаар зүйл, “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг нэн тэргүүнд баримталж, зөвшөөрөл авсны үндсэн дээр өгөгдөл, мэдээллийг цуглуулах;
5.6.5. Судлаач өгөгдөл цуглуулахдаа анхан шатны бус хоёрдогч эх үүсвэрийн өгөгдлийг ашиглах тохиолдолд тухайн өгөгдлийг эзэмшиж байгаа хувь хүн, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын зөвшөөрлийг авсан байх;
5.6.6. Хүнтэй холбоотой аливаа өгөгдлийг цуглуулах, ашиглах, тайлагнахдаа хувь хүний мэдээллийг (овог, нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар зэргийг) нууцалж, кодолж ашиглах;
5.6.7. Хүнтэй холбоотой аливаа өгөгдлийг цуглуулах, ашиглах, тайлагнахдаа хувь хүний хүсэлтээр (судлаачид, идэвхтэн тэмцэгчид, олны танил хүмүүс гэх мэт) хувийн мэдээллийг нууцлахгүйгээр ашиглах тохиолдолд ил болгох мэдээллийн хувь хэмжээг судалгаанд оролцогчтой тохиролцож, гэрээ хийсэн байх;
5.6.8. Ирээдүйд үүсэж болзошгүй аливаа маргаан, эрх зүйн асуудлаас зайлсхийхийн тулд судлаач, хамтарсан баг судалгааны зорилгоор бүрдүүлсэн өгөгдлийг цуглуулах, ашиглах, шинжлэх, хадгалах, дахин ашиглах, бусдад дамжуулах, борлуулах, устгах үe шатуудын талаар тодорхой зөвшилцөлд хүрсэн байх, хамтран ажиллах гэрээнд тусгасан байх;
5.6.9. Судлаач, хамтарсан баг судалгааны зорилгоор цуглуулсан өгөгдлийг дахин ашиглах, бусдад дамжуулах, нээлттэй платформд тавих үед уг өгөгдлийг анх цуглуулах үед өгсөн зөвшөөрлийн бичгийн хамрах хугацаа, цар хүрээ өөрчлөгдсөн байх тохиолдолд энэ талаар тодорхой зөвшилцөлд хүрсэн байх;
5.6.10. Судлаач судалгааны зорилгоор цуглуулсан өгөгдлийг устгахдаа тухайн судалгааны мэдээллийг хамтад нь устгалд оруулах;
5.6.11. Судлаач бусдын хувийн мэдээллийг буруугаар ашиглах, дур мэдэн засварлах буюу задруулах, компьютерын вирус болон хохирол учруулах бусад эх үүсвэрээр дамжуулан алдахаас сэргийлж ажиллах.
5.7. Хамтарсан судалгааны ажилд баримтлах ёс зүйн хэм хэмжээ
5.7.1. Хамтарсан судалгааг салбар дотроо, салбар хооронд болон байгууллага дотор, байгууллага хоорондын судлаачид хэрэгжүүлж болох бөгөөд хамтран ажиллах гэрээ/санамж бичгийг байгуулсан байна.
5.7.2. Хамтарсан судалгааг санаачлах, хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагааны гэрээг байгуулахдаа МУБИС-ийн гадаад хамтын ажиллагааны санамж бичиг болон гэрээ байгуулах, түүнийг хэрэгжүүлэх, дүгнэх журмыг баримтална.
5.7.3. Судлаач судалгааны багт зөвхөн сайн дураар нэгдэн ажиллана.
5.7.4. Судалгааны баг нь хувь хүний болон санхүүгийн ашиг сонирхлын зөрчилгүй байна. Судалгааны хамтрагчид нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бүхий аливаа харилцаа холбоо, үйл ажиллагааг заавал үнэн зөв мэдээлнэ.
5.7.5. Судалгааны баг нь харилцан зөвшилцлийн дүнд багийн ахлагчийг томилох бөгөөд багийн ахлагч нь судалгааны ёс зүйн бичиг баримтыг мэдүүлнэ.
5.7.6. МУБИС-ийн нэр дээр эрхийг нь авсан, санхүүжүүлсэн, эсвэл төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй МУБИС-ийн байгуулсан гэрээт судалгааны ажлын хүрээнд бий болсон судалгааны өгөгдөл, үр дүнгийн эзэмшигч нь МУБИС байна. Судалгааны баг, хамтрагчид нь судалгааны өгөгдөл, үр дүнг эзэмшихгүй, харин цуглуулах, ашиглах, дүн шинжилгээ хийх онцгой эрхтэй байна. Судалгааг санхүүжүүлэгч гэрээт байгууллага нь судалгааны өгөгдөл, үр дүнг тодорхой зорилгоор ашиглах эрхтэй байна. Бусад эх үүсвэрээс санхүүжилттэй судалгааны ажлын үр дүнд бүтээгдсэн оюуны өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбоотой асуудлыг санхүүжүүлэгчтэй байгуулсан гэрээг үндэслэн шийдвэрлэнэ.
5.7.7. Олон улсын байгууллага, их сургуультай хамтарсан судалгааг гүйцэтгэхэд тухайн улсын хууль, дүрэм, журам, соёл, ёс зүйн хэм хэмжээг харгалзан үзэж, хамтрагч бүрд нийцтэй ёс зүйн хэм хэмжээ, судалгааны зохистой арга зүйг баримтална.
5.7.8. Судалгааны үр дүнд бий болсон өгөгдөл, холбогдох материалууд нь тухайн судалгааны хамтрагчдад нээлттэй байна. Судалгааны хамтрагчид нь судалгааны явц, судалгаанаас бий болсон өгөгдлийн үнэн зөв байдалд харилцан хяналт тавьж, нээлттэй харилцааг эрхэмлэнэ.
5.7.9. Хамтарсан судалгааны явцад хамтрагчдын үйлдсэн ёс зүйн зөрчлийг мэдээлэх, шаардлагатай арга хэмжээг авч, шийдвэрлэх үүрэгтэй.
5.7.10. Хамтарсан судалгаанд оролцож буй судлаач, судалгааны ажил явагдах байгууллага /лаборатори, сургууль, хүрээлэн г.м/ болон санхүүжүүлэгчийн тухайн судалгаанд оруулах хувь нэмэр, судалгааны ажилтай холбоотой эрх, үүргийг хамтрагчид хэлэлцэж тодорхойлон, хамтран ажиллах гэрээгээр баталгаажуулсан байна. Ингэхдээ дараах мэдээллийг заавал тусгана. Үүнд:
- төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнг үнэлэх аргачлал
- хамтрагчдын эрх, үүрэг, оролцооны хэлбэр, судалгааны багийн ахлагч, түүний эрх, үүрэг
- оюуны өмч бүтээх, эзэмшихтэй холбоотой тохиролцоо, шийдэл нууцлалтай холбоотой тохиролцоо, шийдэл (шаардлагатай тохиолдолд нууц хадгалах гэрээ) санхүүжилтийн мэдээлэл
- нөөцийг хадгалах, хуваалцах тухай мэдээлэл (resource sharing)
- шаардлагатай тохиолдолд дээж, материалыг шилжүүлэх, зөөх тухай мэдээлэл (material transport)
- хамтрагчид хоорондоо судалгааны өгөгдөл хуваалцах зарчим, арга зам, ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн баталгаа (conflict of interest)
- холбогдох хууль, дүрэм, журмуудтай танилцсан, дагаж мөрдөх баталгаа (compliance with applicable regulations)
- зохиогчдын оролцоо, зохиогчдын нэрс бичих дарааллыг шийдэхэд баримтлах зарчим (authorship and publication practices)
- хамтрагчдын үйлдсэн судалгааны ёс зүйн зөрчлийг илрүүлэх, мэдэгдэх, шийдвэрлэхийн тулд авах арга хэмжээ
5.7.11. Хамтарсан судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд илтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээх, сурталчлахын өмнө тухайн судалгааны хамтрагчидтай хэлэлцэж, бүгд зөвшөөрч бичгээр баталгаажуулсан байна. Судалгааны үр дүнгийн үнэн зөв, ёс зүйн зөрчилгүй байдалд хамтрагч бүр хариуцлага хүлээнэ.
5.7.12. Хамтарсан судалгааны явц, үр дүнгийн талаарх мэдээллийг судалгааны хамтрагчдын зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээж болохгүй.
5.7.13. Хамтарсан судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлэхэд судалгааны багийн гишүүд зохиогчоор бичигдэх бөгөөд судалгааны багийн ахлагч зөвшөөрсөн нөхцөлд судалгаанд оюуны хувь нэмэр оруулсан этгээдийг оруулж болно. Оюуны хувь нэмэр оруулаагүй хамтрагчийг зохиогчоор оруулах, эсвэл оюуны хувь нэмэр оруулсан хамтрагчийг зохиогчоор оруулалгүй хасахыг хориглоно.
5.7.14. Хамтарсан судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд илтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, сурталчлахдаа судалгааны хамтрагчид болон санхүүжүүлэгчийг нээлттэй зарлана.
5.7.15. Хамтын ажиллагаа үргэлжлэх хугацаа нь хамтарсан судалгаа дуусах хугацаатай ижил байх албагүй бөгөөд үүнийг гэрээгээр тогтооно. Харилцан зөвшилцлийн дүнд судалгааг сунгах, шинэчлэх боломжтой байна.
5.8. Зохиогчийн эрхийн ёс зүйн хэм хэмжээ
5.8.1. Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, оюуны хувь нэмэр оруулсан судлаачийг зохиогчоор оруулна.
5.8.2. Зохиогч нэгэнт хэвлүүлсэн бүтээлээ дахин ашиглах тохиолдолд түүндээ шинэ санаа, тайлбар, тодруулга нэмэлтээр оруулж, эшлэл зүүлт хийсэн байна.
5.8.3. Зохиогчийн жагсаалтад орсон судлаачид тухайн бүтээлд чухал, шууд, оюуны хувь нэмэр оруулсан байх буюу үзэл баримтлал, загвар, өгөгдлийн дүн шинжилгээ эсвэл нэмэлт тайлбарт ямар нэгэн хэмжээний хувь нэмэр оруулсан байх ба оюуны бүх бүтээлд ижил зарчим үйлчилнэ.
5.8.4. Тухайн бүтээлд оюуны чухал нэмэр оруулсан хүн бүр зохиогч байх бөгөөд зохиогчоор ороогүй боловч чухал хувь нэмэр оруулсан хүн бүрд талархал илэрхийлнэ. Бүх зохиогч гар бичмэлийг бичихэд оролцсон байна.
5.8.5. Холбоо баригч зохиогч нь зохиогчийн эрхийн үндсэн стандартыг хангаж байгаа эсэхийг бүх зохиогч баталгаажуулж, бүх зохиогчийн хүлээн зөвшөөрсөн, бүтээлд түүний оруулсан хувь нэмрийг илтгэсэн тодорхойлолтыг бэлтгэнэ.
5.8.6. Зохиогчдын дарааллыг тодорхойлохдоо тухайн судлаачдын оролцоог бодитоор үнэлж, эрэмбэлнэ.
5.7.7. Зохиогч болон зохиогчийн харьяалагдах байгууллага нь тухайн бүтээлд нөлөө үзүүлэх боломжтой ямар нэг байгууллагатай санхүүгийн болон бусад харилцаатай нь нотлогдсон үед түүнийг ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзнэ. Ашиг сонирхлын зөрчил үүссэн үед бүтээлийг хэвлэхгүй, хэвлэлийн дараа нотолгоо гарч ирсэн бол бүтээлийг эргүүлэн татах эрх бүрдэнэ.
5.8.8. Зохиогч судалгаанд оролцсон хүн бүрийг ямар байдлаар судалгаанд оролцож, дэмжлэг үзүүлснийг бүтээлдээ заавал дурдан оруулна.
5.8.9. Судалгаанд амьтныг ямар нэг байдлаар объект болгон ашигласан бол энэхүү дүрмийн 5.5.2-5.5.11 дэх заалтын ёс зүйн хэм хэмжээг хэрхэн баримталж тухайн амьтанд судалгаа хийснийг бүтээлдээ дэлгэрэнгүй дурдана.
5.8.10. Судлаач нь зохиогчийн амины болон эд хөрөнгийн онцгой эрх (Зохиогчийн эрхийн тухай хуулийн 12.,13 дугаар зүйл)-ийг зөрчихгүй байна.
5.9. Үргэлжлүүлэн хийж байгаа судалгааны ажлын хэм хэмжээ
5.9.1. МУБИС дээр хийгдэж буй төсөл/судалгааны ажил тодорхой шалтгааны улмаас тухайн удирдагч/баг уг судалгааны ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн багийн гишүүд, эсвэл өөр судлаач, судалгааны баг уг судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх; бусад судлаачийн өмнө нь гарган авсан өгөгдөл, судалгааны материалыг үргэлжлүүлэн ашиглах; тухайн оюутны судалгааны ажлыг удирдагчийн зүгээс үргэлжлүүлэн удирдах боломжгүй болсон тохиолдолд өөр хүн удирдах, эсвэл оюутны өөрийн хүсэлтээр судалгааны өөр удирдагч сонгож буй зэрэг ойлголтуудыг хамруулан ойлгоно.
5.9.2. Үргэлжлүүлэн хийж буй судалгааны ёс зүйн хэм хэмжээ нь МУБИС-ийн судлаачийн бие даан хийж буй судалгаа болон хамтран гүйцэтгэж буй судалгааны ажил, түүнд оролцож буй гишүүдэд эрх тэгш үйлчилнэ.
5.9.3. Хамтарсан байдлаар хэрэгжиж буй төсөл/судалгааны төслийн удирдагч солигдвол аль судлаач, судалгааны баг төсөл/судалгааг үргэлжлүүлэн удирдах талаар баг хоорондоо байгуулах гэрээ/санамж бичигт тодорхой тусгана.
5.9.4. Төсөл/судалгааны удирдагч тодорхой шалтгааны улмаас солигдсон тохиолдолд дараагийн удирдагчийг судалгааны багаас томилох зарчмыг баримтлахыг эрхэмлэнэ.
5.9.5. Шинээр томилогдож буй судалгааны удирдагчид судалгааг үргэлжлүүлэх, хэвлэн нийтлэхтэй холбоотой төсөл, судалгааны ажлын санхүү, менежмент болон бусад бүх эрх, үүрэг шилжинэ.
5.9.6. Шинээр томилогдож буй удирдагч, эсвэл судалгааны баг өмнөх багийн гаргасан алдаа, дутагдлын хариуцлагыг хүлээхгүй байх.
5.9.7. МУБИС-ийн судлаач МУБИС-тай хамтарсан санхүүжилтээр судалгааны ажлын үр дүнд гарган авсан өгөгдлийг үргэлжлүүлэн ашиглах тохиолдолд энэ дүрмийн 5.6-д заасан хэм хэмжээг баримтална.
5.9.8. Судалгааны материалыг үргэлжлүүлэн ашиглах бол эзэмшигчтэй тодорхой зөвшилцөлд хүрсэн байх шаардлагатай ба МУБИС-ийн оюуны өмчийн талаар баримтлах бодлогын заалтуудыг мөрдөнө.
5.9.9. Тодорхой шалтгааны улмаас эрдэм шинжилгээний ажлын удирдагч үргэлжлүүлэн удирдах боломжгүй болсон тохиолдолд суралцагч шинээр удирдагч сонгох эрхтэй.
5.9.10. Удирдагчийн зүгээс гаргасан ёс зүйн алдааны улмаас суралцагч судалгааны ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд удирдагчаас татгалзах, шинээр удирдагч сонгох эрхтэй.
5.9.11. Суралцагчийн зүгээс гаргасан ёс зүйн алдааны улмаас удирдагч тухайн оюутны судалгааны ажлыг удирдахаас татгалзах эрхтэй.
ЗУРГАА. СУДАЛГААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
6.1. Судлаач нар судалгааны санхүүжилтийг аливаа хүн, байгууллагын (төрийн, төрийн бус, хувийн, олон улсын, хандив, тусламжийн) санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг, санхүүжилтийг авахдаа ашиг сонирхлын зөрчилд үл автах, хөндлөнгийн нөлөөлөлд үл автан шийдвэр гаргах үүрэгтэй.
6.2. Судалгааны өгөгдөл цуглуулах, өгөгдөлд нэвтрэх, ашиглах, шинжлэх, хадгалах, судалгаанд оролцогчидтой уулзах боломжоор хангаж байгаа болон санхүүжүүлж байгаа аливаа хүн, байгууллагын санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг, санхүүжилтийг хамтран ажиллах гэрээгээр баталгаажуулна.
6.3. Судлаач болон судалгаанд оролцогчдыг даатгалд хамруулах, хэрвээ тэд гэмтэх, хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах зэрэг тохиолдолд олгох нөхөн төлбөр, хийх эмчилгээний зардал, хохирол барагдуулах талаар хамтран ажиллах гэрээнд тусгасан байх үүрэгтэй.
6.4. Судлаач болон судалгааны баг санхүүжүүлэгч нарт тухайн судалгаанд хэрэглэхэд тохирсон арга, үе шатууд, гарсан үр дүнг мэдээлэх, хуваалцах, өмчлөх талаар бүрэн дүүрэн, нээлттэй, үнэнчээр мэдээлэх үүрэгтэй.
6.5. Судлаач болон судалгааны баг санхүүжүүлэгч нарын тухайн судалгаанд ёс зүйн дүрмийг зөрчих, үндэслэлгүй арга хэрэглэх, гарсан үр дүнг гуйвуулахыг тулгаж болзошгүй нөхцөлүүдийг хүлээж авахгүй, татгалзах үүрэгтэй.
6.6. Судалгааны санхүүжилт болон судалгаа, шинжилгээний зориулалттай нийтийн эзэмшлийн техник, багаж, тоног төхөөрөмжийг зөвхөн зориулалтын дагуу ашиглана. Үүнд: судалгааны ажилд оролцоогүй судлаач нар болон оролцогч нарт судалгааны төсвийн дагуу уг үе шатуудад төлөвлөгдсөн санхүүжилтээс олгохгүй байх үүрэгтэй.
6.7. Судалгааны санхүүжилтийн талаар үнэн зөв тайлагнах, судалгааны оюуны өмчийн эрх, мэдээлэл, өгөгдлийн нууцад хүндэтгэлтэй хандах үүрэгтэй.
ДОЛОО. СУДЛААЧИЙН ЁС ЗҮЙН ХОРИГЛОХ ХЭМ ХЭМЖЭЭ
7.1. МУБИС-ийн судлаач нь МУБИС-ийн Ректорын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/157 дугаар тушаалаар батлагдсан МУБИС-ийн Ёс зүйн дүрмийн 3.4-т заасан бүх үйлдлийг болон судалгааны ажлын явцад дараах үйлдлийг хийхийг хатуу хориглоно:
7.1.1. Судалгааны ажилд оролцож буй хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй тараах, бусдад дамжуулах, худалдах;
7.1.2. Судалгаанд ашигласан амьтадтай энэрэнгүй бус хандах, зовоон тарчлаах, зүй бусаар хороох;
7.1.3. Судалгааны өгөгдлийг хуурамчаар бүрдүүлэх, бодитоор гарсан үр дүн болон өгөгдлийг засах, гарсан үр дүнг санаатайгаар орхигдуулах, ажлын үр дүнгийн талаар санаатайгаар худал мэдээлэх;
71.4. Судалгааны явцад болон үр дүнд бий болсон хаягдлыг байгаль орчинд халтай, хортой байдлаар хаях, орхих;
7.1.5. Бусдын хийсэн ажлын үр дүнг хуулбарлах, санаатай болон санамсаргүйгээр оюуны өмчийн хууль тогтоомжийг зөрчих;
7.1.6. Судалгааны санхүүжилтийг зориулалтын бус байдлаар зарцуулах;
7.1.7. Туршилт, судалгааны үр дүнд бий болоогүй, зохиомлоор бий болгосон өгөгдөл, дүгнэлтийг боловсруулах, хуурамчаар үйлдэх, ажиглалтын нөлөө гаргахгүй байх, судалгааны ажлыг амжилттай болгох зорилгоор гарсан үр дүнг засах;
7.1.8. Судалгаа, шинжилгээний зориулалттай нийтийн эзэмшлийн техник, тоног төхөөрөмжийг зориулалтын бус байдлаар ашиглах;
7.1.9. Судалгааны ололт, үр дүнг хүн, нийгмийн эсрэг болон хувийн явцуу зорилгод урвуулан ашиглах;
7.1.10. Судалгааны баг, судлаач өөрийн санал хүсэлтээр биш бусдын нөлөөн дор орж ажиллах;
7.1.11. Судалгааны баг үүсгэхдээ хувь хүний болон санхүүгийн ашиг сонирхлын зөрчил, хувийн сонирхол, өс хонзон, эрдэм шинжилгээний өрсөлдөөн үүсгэх;
7.1.12. Судалгааны багт ажиллахдаа гэрээ, хэлэлцээрийн шаардлагыг баримтлахгүй байх;
7.1.13. Хамтын судалгааны явц, үр дүнгийн талаарх мэдээллийг багийн зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээх;
7.1.14. Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэгт оролцохдоо танил тал байгууллагын харьяалал, багш шавийн холбоо, ашиг сонирхлоос хамаарах;
7.1.15. Хэлэлцүүлгийн явцад гардаг маргаан мэтгэлцээнд оролцохдоо бусдыг доромжлох, сэтгэл зүйн хувьд дарамтлах зэрэг үйлдэл гаргах;
7.1.16. Хэлэлцүүлгийн өмнө болон явцад нь хэлэлцэж буй бүтээлийн талаар хувийн санал бодлоо бусдад тулгах, далдуур хуйвалдах үйл ажиллагаа явуулах;
7.1.17. Шинээр томилогдсон эрдэм шинжилгээний ажлын удирдагч болон суралцагч судалгааны ажлаа үргэлжлүүлэх үйл явцад хөндлөнгөөс оролцох, гүтгэх, сэтгэл зүйн дарамт үзүүлэх, нэр төрд халдах болон өөр бусад хэлбэрээр саад учруулах;
7.1.18. Судалгааны ёс зүйн зөрчлийн талаар Судалгааны ёс зүйн хороонд мэдэгдэх үүргээ биелүүлэхгүй байх, нуун дарагдуулах.
7.2. Эрдмийн зэрэг, цол, албан тушаалын зэрэглэл, ажилласан жил, харьяалал, суралцаж буй түвшин, бүрэлдэхүүн сургууль, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн хандлага, улс төрийн үзэл баримтлал, намын харьяалал, үзэл бодол, шашин шүтлэг, ажил хэргийн санал зөрөлдөөн үүсгэхээс зайлсхийж хууль тогтоомжийг баримтлан энэхүү дүрмийг хэрэгжүүлнэ.
7.3. МУБИС-ийн судлаачийн хүлээсэн эрх, үүрэгт үндэслэлгүйгээр халдаж эрх зүйн байдлыг дордуулах, МУБИС-ийн дүрэм, журамд заасан эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх, саад болох, аливаа ялгаварлан гадуурхах байдлаар энэхүү дүрмийг хэрэглэх, шийдвэр гаргax, судалгааны ажлыг ангилах, эрэмбэлэхийг хатуу хориглоно.
НАЙМ. СУДЛААЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ, ХАРИУЦЛАГА
8.1. Энэхүү дүрэмд заасан судалгааны зарчмыг баримтлаагүй, судлаачийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөөгүй, зөрчсөн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг судлаачийн ёс зүйн зөрчил гэж үзнэ.
8.2. Судлаачийн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд МУБИС-ийн Судалгааны ёс зүйн хороо дараах арга хэмжээг авч ажиллана. Үүнд:
8.2.1. Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах
8.2.2. МУБИС-ийн нийт багш, судлаачдад нээлттэй хэлбэрээр сануулах
8.2.3. Судалгааны багаас, гомдол, мэдээлэл гаргагчаас, эсвэл олон нийтийн өмнө уучлалт гуйх
8.2.4. Шаардлагатай тохиолдолд судалгааны ажлын тайлагнах хугацааг 6-12 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах
Тайлбар – МУБИС-ийн Судалгааны ёс зүйн хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд судлаачийн ёс зүйг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн хор уршиг, хохирлыг харгалзан үзэж, 8.2-т заасан хариуцлагын төрлүүдээс сонгон хэрэглэнэ.
8.3. Хамтарсан судалгааны хүрээнд гаргасан судлаачийн ёс зүйн зөрчил нь хамтын ажиллагааг зогсоох, дуусгавар болох үндэслэл болно.
8.4. Энэхүү дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөний улмаас учирсан хохирлыг буруутай этгээд биечлэн хариуцна.
8.5. Судлаачийн ёс зүйн зөрчлийн улмаас МУБИС-д учруулсан эд хөрөнгийн хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэм буруутай этгээд хариуцна.
8.6. Судлаачийн ёс зүйн зөрчилтэй судалгааны үр дүн, тайланг нийтэд дур мэдэн мэдээлсэн, МУБИС-ийн судалгааны үр дүн байдлаар нийтэд мэдээлсэн, гадаад улсад илгээсэн, тайлагнасан, хувийн зорилгоор ашигласны улмаас үүссэн үр дагавар, бусдад учруулсан гэм хор, хохирлыг тухайн буруутай этгээд бие даан хариуцна.
9. ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
9.1. Энэхүү дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн нэгжид гаргана.
9.2. Энэхүү дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг МУБИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, МУБИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулна.