“Багш мэргэжлийн сонгон бүлэг” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

2025.10.27 15:25 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын Их сургууль нь Боловсролын Ерөнхий Хуулийн 12.2 дахь заалтын дагуу ахлах ангийн сурагчдын багш болох сонирхлыг нэмэгдүүлэх, “Багш мэргэжлийн сонгон бүлэг”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2025 оны 10 сарын 24-ний өдөр “Багш мэргэжлийн сонгон бүлэг” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг цахим хэлэлцүүлэгт Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий газар, 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл 113 багш, удирдах ажилтнууд оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр МУБИС-аас “Багш мэргэжлийн сонгон бүлэг”-ийг удирдан чиглүүлэх багш нарт үзүүлэх дэмжлэг болоод тус бүлэгт хичээллэсэн ЕБС-ийн төгсөгчид үзүүлэх хөнгөлөлт, давуу талын тухай мэдээлэл өгсөн бөгөөд “Багш мэргэжлийн сонгон бүлэг” хичээллүүлж буй Сүхбаатар аймгийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Б.Алдармаа, Өвөрхангай аймгийн Тэмүүлэл-Эрдэм сургуулийн багш Г.Мөнх-Оюу, Хөвсгөл аймгийн Боловсролын газрын Дүрслэх урлаг, зураг зүй, технологийн боловсрол хариуцсан ахлах арга зүйч Б.Баасандорж, Ховд аймгийн Боловсролын газрын Математик, мэдээллийн технологийн боловсрол хариуцсан ахлах арга зүйч Д.Батнасан, Ховд аймгийн Алтай сумын захирал Т.Цэцэгбадам, тус сургуулийн багш Х.Цэнд-Аюуш нар өөрсдийн туршлагаа хуваалцав. Хэлэлцүүлэгт оролцогчид тус бүлэгт хамрагдаад багш болж ирсэн залуу багш нар чадварлаг байгаа талаар онцолж байлаа.

Тус хэлэлцүүлэгт Боловсролын Яамны ЕБГ-ын Сургалтын хөтөлбөр, үнэлгээний бодлогын удирдлага, зохицуулалт, тайлагналт хариуцсан ахлан шинжээч Д.Даваасүрэн, БЕГ-ын Ажил мэргэжлийн чиг баримжаа, оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Ц.Намжилмаа нар оролцож “Багш мэргэжлийн сонгон бүлэг” хичээллүүлэх эрхзүйн орчныг сайжруулан ажиллахад хэрэгжүүлэгчдийн саналыг тусган ажиллахаа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид “Багш мэргэжлийн сонгон бүлэг”-ийн талаар нэгдсэн ойлголттой болсон бөгөөд цаашид тус бүлгийн сургалт, үйл ажиллагааг цахим хэлбэрээр өргөжүүлэх, бүлгийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад Боловсролын газрыг түшиглэн багш нарыг бэлтгэх, чадваржуулах, бүлэг удирдсан багш нарт үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох зэрэг ажлыг зохион байгуулах нь үр дүнтэй гэж үзсэн байна.

МУБИС-ИЙН СУРГАЛТ, ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ХЭЛТЭС