БНСУ-ын Сувон хотын Кёнги их сургуулийн 78 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал, хамтарсан үзэсгэлэнгийн нээлт 2025 оны 11 сарын 06-ны өдөр зохион байгуулагдаж МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, ДУТС-ийн захирал, доктор С.Батцоож нар оролцоод ирэв. Энэхүү ойн хүндэтгэлийн хуралд тус сургуультай хамтын ажиллагаатай Монгол, БНХАУ, БНСУ-ын их дээд сургуулиудын төлөөлөл, Кёнги их сургуулийн ТУЗ-ын дарга, үүсгэн байгуулагчид урилгаар оролцов.

МУБИС болон Кёнги их сургуулиуд нь 2023 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлэн багш, оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөр, хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн, хээрийн судалгааг эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал энэ хугацаанд Дүрслэх урлагийн тэнхимийн уран бүтээлч багш нарын хамтарсан үзэсгэлэнг БНСУ-д 2 удаа, Монгол улсад 2 удаа, уран бүтээлийн хээрийн судалгааг Монгол улсад мөн 2 удаа амжилттай зохион байгуулан ажиллаж, магистрын 1+1 хөтөлбөр, докторантурын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна.
Тус айлчлалын хүрээнд:
- Хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Кёнги их сургуулийн Музейн захирал Jong Shin Won-д ДУТС-ийн “Хүндэт доктор” цолыг гардуулав.
- 78 жилийн ойд зориулсан гурав дахь удаагийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Энэ удаагийн үзэсгэлэнд хоёр сургуулийн уран бүтээлч багш нарын 60 гаруй бүтээл дэлгэгдэв.
- Хүндэтгэлийн хурлын нээлтэд Монгол улсыг төлөөлөн Ректор Ж.Батбаатар хамтын ажиллагааны үр дүн, цаашдын үйл ажиллагааны талаар үг хэлж баяр хүргэв.


