БС-ийн Бага боловсролын арга зүйн тэнхим их семинар зохион байгуулав

2026.01.01 23:12 Үйл явдал

Багшийн сургуулийн Бага боловсролын арга зүйн тэнхимийн хамт олон “Хүүхдийн хөгжлийг үнэлэх аргачлал” боловсруулах ажлын үр дүнгээ хэлэлцүүлэв. Энэ хүрээнд Япон улсын тусгай хэрэгцээт боловсролын багш, сургуулийн сэтгэл зүйч Анбэ Хирошигийн боловсруулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих үнэлгээний аргачлал”-ыг монголд хэрэглэх боломжийг судалсан туршилтын судлалгааны үр дүнг танилцууллаа. Тус аргын эрхийг эзэмшигч Японы улсын хэвлэлийн компани болон зохиогчийн зүгээс зөвшөөрөл олгосны үндсэн дээр судалгааны ажлыг эхлүүлж хэрэгжүүлсэн байна.

Энэхүү аргачлал нь хүүхдийн хөгжлийг дан ганц үнэлээд зогсохгүй ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалыг тайлбарлах, төлөвлөгөөнд үндэслэн хүүхдэд бодитоор хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар дэлгэрэнгүй тусгасан цогц гарын авлага юм. Хүүхдийн хөгжлийн үнэлгээ нь нийгэмшихүй, танин мэдэхүй, өдөр тутам, хөдөлгөөн гэсэн 4 чиглэлээр хийгдэнэ. Энэхүү аргыг цогцоор нь ашигласнаар эцэг эх, багш нарын хүүхдийн бодит хэрэгцээ, хөгжлийн онцлогт нийцсэн дэмжлэгийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.