Монгол Улсад хятад хэлний боловсролын чанар, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, судалгаа шинжилгээний үр дүнг харилцан солилцох зорилготой “Монгол Улс дахь хятад хэлний багш боловсролын чанартай хөгжил” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 9 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Монгол Улсын Боловсролын Их Сургуульд зохион байгуулагдаж байна.
Хурлаар Монгол Улс дахь хятад хэлний багшийн мэргэжлийн хөгжил, хятад хэлний боловсролын хөтөлбөр, сургалтын арга зүй, “Хятад хэл +” загварын шинэчлэл, суралцагчдын хэлний чадвар, нийгмийн сүлжээний платформыг хэл сурахад ашиглах боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж байна.
Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 11-нд хурлын нээлтийн ёслол болж, МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, БНХАУ-ын Боловсролын яамны Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төвийн орлогч захирал YANG ZHOU, Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хэлтсийн дарга YIN DONGMIN нар үг хэлж, хуралд амжилт хүссэн юм.
Нээлтийн ёслолын үеэр
- “Монголын хятад хэлний боловсролын судалгааны хүрээлэн”
- “Монгол улсын залуу хятад судлаачдын судалгааны хүрээлэн, олон улсын хятад хэлний багшийн тэтгэлэгт хөтөлбөрөөр төгсөгчдийн Монголын холбоо”-г албан ёсоор нээсэн юм.
Тус хуралд МУБИС, МУИС, ШУТИС, Батлан хамгаалахын их сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, БНХАУ-ын, Зүүн хойд Багшийн Их Сургууль, Шаньдун их сургууль, Даляний Гадаад Хэлний Их Сургууль, БНХАУ-ын Боловсролын яамны Хэлний боловсрол хамтын ажиллагааны төв болон Монгол, Хятадын боловсрол, судалгааны байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байна.
Нээлтийн дараа “Монгол Улс дахь хятад хэлний багш нарын чанартай хөгжлийн судалгаа” сэдэвт нэгдсэн хуралдаан зохион байгуулагдаж, Монгол дахь хятад хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдал, хүний нөөцийн хөгжил, салбар дундын уялдаа, олон улсын хятад хэлний боловсролын мэргэжилтэн бэлтгэх асуудал болон Монгол, Хятадын соёлын харилцааны талаар эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцүүлж байна.
Харин 9 дүгээр сарын 12-нд хятад хэлний боловсролын сэдэвчилсэн болон цогц судалгааны салбар хуралдаанууд үргэлжилж, 9 дүгээр сарын 13-нд Монгол, Хятадын соёлын сэдэвчилсэн уулзалт зохион байгуулагдах юм.