Төрийн өмчийн их сургуулиуд судалгаа, инновац, хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ байгууллаа

2025.01.27 16:31 Үйл явдал

Төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлагууд судалгаа, инновац, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээг эрдэм шинжилгээний WoS, Scopus мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо, чанарыг сайжруулах, Scopus мэдээллийн санд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх (data cleaning), Scopus-т бүртгэл бүхий эмхэтгэл гаргадаг олон улсын хурлыг хамтран зохион байгуулах, эндаумент сан байгуулах, Засгийн газрын бодлогын баримт бичигт дурдсан зарим үйл ажиллагааны хөтөлбөрт тинк танк байгуулан хамтран оролцох чиглэлээр, мөн бүх түвшний салбар дундын хамтарсан хөтөлбөр боловсруулах, нээлттэй лаборатори байгуулах, тоног төхөөрөмжийг хамтран ашиглах зэрэг хамтын ажиллагааны бусад чиглэлүүдээр хамтран ажиллахаар байгуулав.

Хамтын ажиллагааны гэрээнд МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор, профессор Д.Цолмонбаатар, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, дэд профессор Ц.Билэгтсайхан, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, дэд профессор Э.Төмөртогтох, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, профессор Ж.Эрхэмтөгс нар гарын үсэг зурав.