“НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ 2.0” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2025.02.07 09:17 Үйл явдал

МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимээс Боловсролын яам, БЕГ, Үндэсний батлан хамгаалахын их сургуультай хамтран “Насан туршийн боловсрол 2.0” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж нийт 7 орны эрдэмтэн судлаач, Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Насан туршийн суралцахуйн 30 төв гээд нийт 80 гаруй төлөөлөл хуралд оролцож байна.  

Хурал 2025.02.07,08-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Япон, Ирланд, Индонез, АНУ, БНХАУ-ын Насан туршийн боловсролын талаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна. Мөн МУБИС, МУИС, ШУТИС, ҮБХИС, И-Монгол академи, Техник, технологийн политехник коллежийн багш, эрдэмтэн судлаач, оюутнууд мэргэжлийн судалгаанд суурилсан илтгэлүүдээ танилцуулж байна.

“Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэгдэж буй судалгааны ажлуудаас харахад насан туршийн боловсролын салбарын хөгжлийн түвшин нийгмийн хөгжил, техник технологийн хөгжилтэй хөл зэрэгцүүлэн ахлах боломж бүрдэж байна” хэмээн МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар онцлон тэмдэглэлээ. 

Түүнчлэн уг эрдэм шинжилгээний хурлын хүрээнд МУБИС, Боловсрол судлалын сургуулиас эрхлэн гаргаж буй орчуулгын цуврал номын VI цуврал болох “Насанд хүрсэн суралцагч” ном маргааш буюу 2025.02.08-ны өдөр нээлтээ хийх гэж байна.

МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимээс санаачлан үндэсний хэмжээний Насан туршийн суралцахуйн 30 төвүүдийн удирдлага багш нарыг Боловсролын яам, БЕГ-ын дэмжлэгтэйгээр тус хуралд оролцуулж байгаа бөгөөд үр дүнд нь “Монгол улсын хэмжээнд насан туршийн боловсролын салбарын судалгаа, хөгжил, асуудал, шийдлийг илрүүлэх” юм.