Орос, Монголын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм-хүмүүнлэгийн болон хэл шинжлэлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурал 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Новосибирскийн улсын багшийн их сургуульд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус бага хурлыг Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Философи, эрх зүйн хүрээлэн (ИФПР СО РАН), НУБИС-ийн Эрх зүй, философийн тэнхим болон Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ, Монгол, Австрали улсын эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд оролцож, боловсролын салбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Бага хурлыг НУБИС-ийн Ректор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор С.А.Нелюбов нээж үг хэлэхдээ хоёр орны өнөөгийн хамтын ажиллагааны ёс суртахууны үндэс нь Агуу их Эх орны дайны хүнд жилүүдийг хамтдаа туулсан түүхэн дурсамж болохыг онцоллоо. Тэрбээр хоёр орны түүхэн хэлхээ холбоо бат бөх байгааг тэмдэглээд, Зөвлөлтийн дээд сургуулиудыг төгссөн монгол төгсөгчид өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухаан, удирдлагын салбарын томоохон төлөөллийг бүрдүүлж байгааг дурдав.
Мөн НГПУ-ийн Эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн проректор Т.Ромм, МУБИС-ийн НХУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Г.Агиймаа, ИФПР СО РАН-ийн захирал М.Вольф нар оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлж, эрдэм шинжилгээ, боловсролын салбарын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлов.
Бага хуралд ОХУ-ын Новосибирск, Москва, Санкт-Петербург, Томск, Мурманск хотын эрдэмтэн, судлаачид болон Монгол, Австрали улсын төлөөлөгчид оролцож, нийт 22 илтгэл хэлэлцүүлэв. Үүнээс Оросын талын 11, МУБИС-ийн 10 төлөөлөгч, Австралийн Виктория их сургуулийн 1 төлөөлөгч илтгэл тавьсан бөгөөд судалгааны үр дүн, эрдэм шинжилгээний ажлын ололт амжилтаа танилцуулах 15 ханын илтгэл дэлгэгдсэн юм.
Нэгдсэн хуралдааныг А.Изгарская (ИФПР СО РАН / НГПУ), Н.Хишигдулам (МУБИС) нар удирдан чиглүүлж, М.Абрамова, С.Эрдэнэмаам, А.Харламов зэрэг тэргүүлэх эрдэмтэд, залуу судлаачид болон МУБИС-ийн оюутнууд өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцуулав.
Хурлын үеэр хэлний бодлого, угсаатны соёлын онцлог, ижилслийн асуудал болон боловсролын салбарт дижитал технологийг ашиглах боломж зэрэг өргөн хүрээний сэдвийг хөндөн хэлэлцэв. Ийнхүү оролцогчид судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ харилцан солилцож, хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг олон талаас нь авч үзлээ.
Бага хурлын төгсгөлд оролцогчид хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнэж, Орос, Монголын шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтарсан төсөл, судалгааны ажлыг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж боловсрууллаа.