МУБИС, Уралын холбооны их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026.11.19 16:37 Үйл явдал

ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн (УрФУ) төлөөлөгчид 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуульд айлчилж, хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр албан уулзалт хийлээ. МУБИС нь тус сургуультай 2017 оноос хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж ирсэн.

Уулзалтад УрФУ-ийн гадаад харилцаа хариуцсан проректор С.Г.Тушин, тэргүүн проректорын орлогч А.В.Пономарев, өнгөт металлын металлургийн тэнхимийн эрхлэгч С.В.Мамяченков нар оролцов. МУБИС-ийг төлөөлж Ректор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон, Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа, мэргэжилтэн Б.Нямжаргал, НХУС-ийн Орос хэлний тэнхимийн эрхлэгч Ш. Цолмон болон Монголын Орос хэл, уран зохиолын багш нарын холбооны тэргүүн Ц.Магсар оролцлоо.

Уулзалтын үеэр УрФУ-ийн тал Монголын их, дээд сургууль, судалгаа, боловсролын төвүүдтэй хамтран ажиллах саналаа танилцуулав. Үүнд:

  • Тусгай хэрэгцээт хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн нөхөн сэргээлт;
  • Хиймэл оюун ухаан хүүхэд, өсвөр үе, боловсролд үзүүлэх эрсдэл ба боломжийн судалгаа;
  • Нийгмийн ажил, нөхөн сэргээлт, хиймэл оюун ухаан ба нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сүлжээ магистрын хөтөлбөр боловсруулах;
  • Монголын Шинжлэх ухаан, технологийн сан болон ОХУ-ын Шинжлэх ухааны сангийн төсөлд хамтран хүсэлт гаргах;
  • Багш, оюутан солилцох, ахлах ангийн хүүхэд, мэргэжилтнүүдэд зориулсан мэргэшүүлэх сургалт зохион байгуулах зэрэг багтсан.

МУБИС-ийн тал олон шинэлэг санал дэвшүүлсэнд талархал илэрхийлж, ялангуяа хиймэл оюун ухаан, бүтээлч сурган хүмүүжүүлэх ухаан, хиймэл оюун ухааны эрсдэлийн судалгаа, боловсрол судлалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн УрФУ-ийн дэргэд багшийн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын их дээд сургуулийн консорциумд нэгдэх хүсэлтэй байгаагаа уламжлав.

Хоёр тал хамтын ажиллагааг хариуцан зохион байгуулах ажилтнаа тус бүр томилохоор тохирлоо. МУБИС нь УрФУ-ийн дэвшүүлсэн чиглэлүүдийг судалж, бодитоор хэрэгжүүлэх боломжтой хамтын ажиллагааны саналаа УрФУ-д хүргүүлэх юм.