“Албус” судалгааны төсөл МУБИС-ийн харьяа ЕБС-иас эхэлж байна

2024.10.29 11:51 Үйл явдал

Боловсролын яам “Google for education” хөтөлбөртэй хамтарсан “Албус” судалгааны төслийг МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн хэрэгжүүлж байна. Монгол Улс нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 24 дэх орон бөгөөд МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулиас эхлэн уг төслийг хэрэгжүүлж, багш нар, нэг ангийн сурагчдыг хромбүүк, интернетийн дэд бүтцээр хангаж эхэллээ.

Үйл ажиллагааг нээж Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал үг хэлэн, “Google” компанийн Монгол дахь Суурин төлөөлөгч Э.Өсөхбаяр төслийн талаар танилцуулав.

“Албус” судалгааны төслийн хүрээнд цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барил, онцлогт тохируулан судалж, төслөөс гарах үр дүн нь боловсролын салбарын цаашдын арга хэмжээ, бодлого шийдвэрт чухал ач холбогдолтой юм.

Ийнхүү ирэх оны хоёрдугаар сар хүртэл хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэрэглэгдэхүүн ашиглан зохион байгуулж, харьцуулалт хийх юм. Цаашлаад II шатыг хөдөө, орон нутгийн сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг төслийн хамт олон мэдээллээ.

“Albus” төсөлд Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэн, “Centerm” компани, “Teach for Mongolia” хөтөлбөр хамтран ажиллаж байна.