ХБНГУ-ын Нойбрандбургийн Хэрэглээний Шинжлэх ухааны их сургуулийн төлөөлөгчидтэй албан уулзалт хийлээ

2025.03.28 10:30 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Ректор, профессор Ж.Батбаатар ХБНГУ-ын Нойбрандбургийн Хэрэглээний Шинжлэх ухааны их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус сургуулийн “Хүүхэд судлалын” профессор, доктор Бернхард Нагел, хүүхэд-боловсролын судалгааны багш профессор, доктор Клаудиа Нюрнберг нар урилгаар МУБИС-д ажиллаж байна.

Профессор Нагел нь МУБИС-тай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд манай сургуулиас жил бүр зохион явуулдаг боловсролын олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Институтчилсэн боловсролын тогтолцоонд сургуулийн өмнөх байгууллагын ач холбогдол”, “Дээд боловсролын чанарын баталгаа” зэрэг сэдвээр илтгэл тавьж байсан.

Түүнчлэн профессор Нагел нь ACQUIN-ийн 2023 оны магадлан итгэмжлэлийн багт зөвлөхөөр ажиллаж, МУБИС-ийн дээд боловсролын чанар, хөтөлбөрийн хөгжилд чухал хувь нэмэртэй ажиллаж байна. МУБИС-ийн бага боловсрол, СӨБС-ийн хөтөлбөр нь ХБНГУ-ын ACQUIN байгууллагаар магадлан итгэмжлэгдэж, 2024 оны 09-р сарын 07-ны өдөр 8 жилийн хугацаатай гэрчилгээг гардан авсан.

Уулзалтаар цаашид СӨБС, бага боловсролын багш нарын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Мөн МУБИС-ийн багш нартай хамтран 2025 оны 03 сард багтан хамтарсан сургалт явуулахаар төлөвлөжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь МУБИС-ийн боловсролын чанарыг дэлхийн стандартад нийцүүлэх, багш нарын мэргэжлийн чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.