МУГБ Д.Халзан “МУБИС-ийн ХҮНДЭТ ПРОФЕССОР” болов

2025.12.26 15:57 Үйл явдал

Монгол улсын гавьяат багш, ОУХМ Дамбачоймболын Халзан нь тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны есдүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрээр “МУБИС-ийн ХҮНДЭТ ПРОФЕССОР” цол олгох тогтоол гарч, өнөөдөр ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Үйл ажиллагаанд МУБИС-ийн Ректор, профессор Батбаатар, МУБИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд оролцлоо.

Д.Халзан 1956-1960 онд Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын бага сургууль, 1960-1966 онд нийслэлийн 12-р дунд сургуулийг дүүргэж, УБДС-ийн Биеийн тамирын Факультетад багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж 1971 онд төгссөн.

Д.Халзан нь 1968 оноос Монголын биеийн тамир спортын эвлэлийн Төв Зөвлөлийн волейболын улсын шигшээ багт тамирчин, 1971-1979 онд Дорноговь аймгийн БТС-ын хороонд ахлах дасгалжуулагч, 1979 оноос Биеийн тамирын спортын улсын хорооны  волейболын улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1992 оноос БТДС-ийн спорт тоглоомын тэнхимд багшаар ажиллаж ирсэн. Энэ хугацаанд ОХУ-ын Буриадын их сургуульд зөвлөх багшаар 2004-2007 онд уригдан ажилласан. Мөн бөхийн Их шавь, Шонхор, Мон-алтиус дээд сургуульд волейбол сургах арга зүй, дасгалжуулагчийн онол арга зүйн багшаар ажиллаж олон зуун биеийн тамирын багш, бөхийн мэргэжилтэн, волейболын мэргэжлийн дасгалжуулагч бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ.

Д.Халзан 1962 оноос волейболын спортоор хичээллэж, 1968 оноос волейболын улсын шигшээ багийн гишүүн болж, 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 16-р байр,1973 оны Дэлхийн оюутны Универсиадад 21 –р байранд орж байв. Улсын болон Олон улсын чанартай тэмцээнүүдэд удаа дараа эх орноо төлөөлөн оролцож амжилт гаргаж байсан шилдэг тамирчны нэг бөгөөд, шилдэг довтлогчийн шагналыг удаа дараа хүртэж байв.

Д.Халзан 1971 онд УБДС-ийн биеийн тамирын факультетыг биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжлээр төгсч анхны ажлын гараагаа Дорноговь аймагт эхлүүлж бэлтгэсэн шавь нар нь идэрчүүдийн улын аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль,хөвгүүдийн баг улсын аваргын мөнгөн медаль хүртэж,насанд хүрэгчдийн эрэгтэй баг БНМАУ-ын шилдэг багуудын тэмцээнд улсад хүрэл медаль хүртэж 10 шахам жил улсад шагналт 4-р байр эзэлж хөдөө орон нутгаас улсын хэмжээнд өрсөлдөх өндөр зэрэглэлийн шилдэг баг бэлдэж байжээ.

1979 оноос волейболын Улсын шигшээ багийн дасгалжууулагчаар ажиллаж олон арван өндөр зэрэглэлийн волейболчид бэлтгэн гаргасны дээр өндөр хөгжсөн улс орнуудын залгамж халаа бэлтгэдэг туршлагыг Монгол оронд нэвтрүүлэх ажлыг гардан гүйцэтгэж волейболын өдөр өнжүүлэх бүлэг, гүнзгийрүүлсэн сургалттай бүлэг, хүүхдийн спортын сургууль хэлбэрээр төв орон нутагт 20 гаруй хүүхдийн сургууль байгуулах ажлыг гардан эхлүүлсэн байна.

Волейболын спортыг хөгжүүлэх, өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх, өсвөр үеийнхний дунд волейболын спортыг бага наснаас нь дэлгэрүүлж хөгжүүлэх, волейболын шинэ төрөл болох мини волейболыг хүүхдийн дунд дэлгэрүүлэх, сургалт дасгалжуулалт, уралдаан тэмцээний тогтолцоог боловсронгуй болгоход олон шинэлэг зүйл санаачлан хийсний дотор Дархан, Ховд, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Багануур, Зүүнхараа, Сэлэнгэ аймаг, нийслэлийн 3, 84, 24 зэрэг сургуулиуд дээр волейболын өдөр өнжүүлэх бүлэг, гүнзгийрүүлсэн сургалттай бүлэг, тусгай анги байгуулах ажлыг 1980 оноос эхлэн гардан зохион байгуулж сонголт хийснээр өсвөр үеийн дунд явагдах сургалтын тогтолцоо бүрдэж өсөх ирээдүйтэй олон шилдэг тамирчид бага наснаасаа бэлтгэгдэх үндэс бүрдэж жил бүр өсвөрийн тамирчид төрөн гарах үндэс суурийг тавьсан байна.

Д.Халзан 1982 оноос Монгол Улсын хэмжээнд волейболын спортын хүүхдийн секц дугуйлан, зэрэгтэй өндөр зэрэгтэй тамирчид бэлтгэх сургалтын хөтөлбөр, Их дээд сургууль, ЕБС-ийн сурагчдад үзэх волейболын хичээлийн болон секцийн хөтөлбөр, волейболын гүнзгийрүүлсэн сургалттай бүлэг, спортын төрөлжсөн сургалттай бүлэгт үзэх хичээлийн хөтөлбөр стандарт боловсруулан орон даяар мөрдөж ирлээ. 1982 оноос Волейболын шүүлтийн дүрэмийг 4 удаа шинэчлэн орчуулж, Мини волейбол, Элсний волейбол, Софт мини волейбол, Суугаа волейболын дүрмүүдийг орчуулан Монгол улсын нутаг дэвсгэрт мөрдөн хэрэгжүүлж нийтийн хүртээл болгожээ.

2004 онд ОХУ-ын Буриадын их сургуулийн эрдмийн зөвлөлд “Өндөр зэрэгтэй волейболчдыг биеийн ерөнхий дасгалаар сонгон хичээллүүлж үр дүнд хүргэх нь /Монгол улсын эрэгтэйчүүдийн шигшээ багийн жишээн дээр/” сэдвээр докторын зэрэг хамгаалсан спорт тоглоомын төрлийн анхдагч эрдэмтэн болжээ.

Д. Халзан нь эрэгтэй, эмэгтэй, өсвөр үе, янз бүрийн багуудтай ажиллаж олон зуун өсвөрийн волейболчид бэлтгэсний дээр спортын мастер 200 гаруй, ОУХМ 50 гаруй бэлтгэж Монгол улсын шигшээ багийн үе үеийн олон арван өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэн тивийн болон олон улсын чанартай тэмцээнээс 10 гаруй медаль хүртэж, өсвөр үе, улсын аварга, Лигийн тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж байсан монгол улсын шилдэг дасгалжуулагчийн нэг юм.

Д.Халзан 1986 оноос лигийн “Таван эрдэнэ”, 1997 онд “Залуу монгол”, 1998 онд “Ноён” багийг шинээр бүрдүүлж улсад тэргүүн байруудад өрсөлдөх шилдэг багуудыг бүрдүүлэн ажиллаж олон арван өндөр зэрэглэлийн волейболчид бэлтгэсэн туршлагатай дасгалжуулагч юм. Д.Халзан шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байх хугацааандаа волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийг бие даасан аж ахуйн тооцоон дээр ажиллууах хөдөлгөөн өрнүүлж “Волейболын төв клуб” байгуулан ажиллуулж байсан нь зах зээлийн нөхцөлд спортын төрлүүд бие даан ажиллах эх үүсвэрийг анх удаа хэрэгжүүлэн ажиллаж байв.

Д.Халзан цаг наргүй ажилладаг дасгалжуулагчийн хүнд хүчир ажлын хажуугаар Монгол улсад волейболын спортыг хөгжүүлэх, өсвөрийн болон өндөр зэрэгтэй тамирчин бэлтгэх, багш дасгалжуулагчийн мэдлэг мэрэгжлийг дээшлүүлэх, оюутан сурагчдад онолын мэдлэг олгох, бие даасан үйл ажиллагааг идэвхжүүлэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд хүчин зүтгэж судалгаа шинжилгээний олон бүтээлээ бичиж нийтлүүлжээ.

Д.Халзан нь МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд ажиллах хугацаандаа волейболын мэрэгжлийн дасгалжуулагчийн ангийн онол заах арга зүйн багшаар ажиллаж 80 гаруй өндөр зэрэглэлийн волейболын дасгалжуулагч эх орондоо бэлтгэсний дээр олон зуун биеийн тамирын мэрэгжилтэн бэлтгэн гаргаж эх орны өнцөг булан бүрт үр бүтээлтэй ажиллаж байна.

Д.Халзангийн шавь нараас Тогтохын Уранчимэг Монгол улсын гавьяат хуульч, Дашцэрэнгийн Ганболд Монгол улсын худалдааны гавьяат ажилтан, Дашцэрэнгийн Баасансүрэн, Монхорын Гаамаа, Бядаажавын Уранчимэг, Доржийн Солонго, Готовын Баярсайхан нар волейболын дасгалжуулагчаар үр дүнтэй ажиллаж Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Лхагважавын Нарантуяа Монгол улсын волёйболын гавьяат тамирчин цолоор тус тус шагнагджээ.

Д.Халзан нь улсын хэмжээнд болон нийслэл дүүрэгт волейболын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг волейболын спортод сонирхолтой болгох, ахмад настануудад волейболоор чийрэгжүүлэх секц дугуйлан хичээллүүлэх зэрэг аливаа ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргийн Д.Халзан ахлагчтай баг тогтмол медальт байранд шалгарч ирсэн спортын манлайлагч ахмад зүтгэлтний нэг юм.