С. Аманжоловын нэрэмжит Зүүн Казахстаны их сургуулийн төлөөлөгчид МУБИС-д айлчлав

2026.05.15 14:33 Үйл явдал

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд сүүлийн жилүүдэд өрнөсөн дээд түвшний харилцан айлчлалуудын үр дүнд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 оны 10 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн бол 2026 оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийсэн юм. Тус айлчлалын үеэр талууд боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцолж, Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстаны их, дээд сургуулиуд Монголын оюутан, залууст нээлттэй болохыг тэмдэглэсэн юм.

Энэхүү харилцан айлчлалын хүрээнд “Study in Kazakhstan” олон улсын боловсролын үзэсгэлэнг 2026 оны 5 дугаар сарын 13–14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Тус үзэсгэлэнд Казахстан Улсын тэргүүлэх их, дээд сургуулиуд, Монгол Улсын боловсролын салбарын төлөөлөл, суралцагчид, мөн хоёр улсын төрийн болон дипломат байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Тус арга хэмжээг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шинжлэх ухаан, Дээд Боловсролын яам, Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улс дахь Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яамны оролцоотойгоор зохион байгуулсан юм.

Энэ хүрээнд С. Аманжоловын нэрэмжит Зүүн Казахстаны их сургуулийн төлөөлөгчид 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Боловсролын их сургуульд зочилж, хоёр сургуулийн хооронд 2026 оны 1 дүгээр сард байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.

Уулзалтад МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон, Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, МУБИС-ийн Баян-Өлгийн салбар сургуулийн захирал Ж. Хиналган нар оролцов. С. Аманжоловын нэрэмжит Зүүн Казахстаны их сургуулийг тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Ректор, профессор М.А. Толеген, Сургалт, оюутан солилцооны менежер Базархан Айдин, "Мэргэжил дээшлүүлэх" карьер төвийн дарга Болатова Занел нарын төлөөлөгчид оролцлоо.

С Аманжоловын нэрэмжит Зүүн Казахстаны их сургууль нь Казахстан Улсын Оскемен хотод байрладаг, олон салбарын сургалт, судалгаа эрхэлдэг төрийн өмчийн их сургууль юм. Тус сургууль нь 1952 онд байгуулагдсан Усть-Каменогорскийн Багшийн дээд сургуулиас эхлэлтэй бөгөөд анх орос хэл, уран зохиол, физик-математик, байгалийн ухааны чиглэлээр багш бэлтгэх сургалт явуулж байжээ.

Тус их сургууль нь МУБИС-тэй ижил төстэй багш боловсрол, сэтгэл судлал, сурган, хэл, утга зохиол, байгалийн ухаан, нийгэм-хүмүүнлэгийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг онцлогтой. Тухайлбал, энэ сургуулийн хөтөлбөрүүдийн дунд байгалийн ухааны багш, хүмүүнлэгийн хичээлийн багш, казах хэл, утга зохиолын багш бэлтгэх зэрэг боловсролын сургалтын чиглэлийн хөтөлбөрүүд багтдаг. Иймд хоёр их сургуулийн хамтын ажиллагаа нь багш боловсрол, хөтөлбөр хөгжүүлэлт, академик солилцоо, багш, судлаачдын мэргэжлийн хөгжил, хамтарсан судалгаа зэрэг чиглэлээр өргөжин хөгжих боломжтой юм.

Уулзалтын үеэр талууд 2026 оны 1 дүгээр сард байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаас хойш богино хугацаанд хамтын ажиллагааны тодорхой ажлууд хэрэгжиж эхэлснийг онцлов. Тухайлбал, 2026 оны 1 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль зохион явуулсан  “Алтайн Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжил: Түүх, Хэл, Соёл, Боловсрол, Экологи, Эдийн Засгийн Асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд тус сургуулийн “Алтай судлал”-ын төвийн эрхлэгч профессор Майра Шүршитбайкыз багш нарын хамт илтгэлээ хэлэлцүүлсэн билээ.

Мөн МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал Ж.Хиналган 2026 оны 4 дүгээр сарын 20–24-ний өдрүүдэд С.Аманжоловын нэрэмжит Зүүн Казахстаны их сургуульд албан томилолтоор ажиллаж, хоёр их сургуулийн хооронд цахимаар байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг солилцсон байна. Тус айлчлалын үеэр багш, оюутан солилцооны хөтөлбөр, оюутны зуны сургалтын хөтөлбөр, “Алтай судлал” судалгааны төвийн салбар байгуулах, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх хамтарсан хөтөлбөр хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Түүнчлэн МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн багш А.Серикжанаар удирдуулсан таван оюутан тус их сургуулийн зуны сургалтын хөтөлбөрт хамрагдаж, сургалтын орчинтой танилцан, профессор багш нарын 72 цагийн сургалтад сууж, сертификат гардан авсан нь хамтын ажиллагаа бодит үр дүнтэй хэрэгжиж эхэлснийг харуулж байна.

МУБИС цаашид багш боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын их сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, оюутан, багш, судлаачдад олон улсын түвшний шинэ боломжуудыг бий болгох зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.