Эх сурвалж: News.mn
Америкийн монгол судлалын төвийн номын сангийн тэтгэлгээр хоёр дахь жилдээ зохион байгуулж буй номын санчдын мэргэжил дээшлүүлэх сургалт арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 19-ны хооронд үргэлжилнэ.
Энэ удаагийн сургалтыг Америкийн монгол судлалын төв, Монгол Улсын Боловсролын Их Сургууль хамтран гурав дахь зохион байгуулж байгаа бөгөөд 20 байгууллагын 35 номын санч хамрагдаж байна.
Энэ талаар МУБИС-ийн номын сангийн захирал Ж.БААТАРСҮРЭН:
-Энэ сургалтыг Америкийн монгол судлалын төв, манай сургуулийн номын сан хамтраад гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа. Анхны сургалтаа цахимаар зохион байгуулж байсан бол, хоёр дахь сургалтаас эхлээд танхимаар зохион байгуулж байна. Монгол зохиолчийн бичсэн номыг олон улсад хэрхэн каталогжуулдаг, уйгуржин монгол бичгээр хэрхэн галигладаг зэргийг номын санчдадаа сургах зорилгоор Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, номын санч, доктор М.Саруул-Эрдэнийг урьж олон улсын MARC формат, RDA стандартаар номоо каталогжуулах хичээлийг шат дараатай заалгаж байгаа юм.
Монгол номыг онлайн каталогоос хайхдаа зөвхөн зохиогчийн нэрээр нь хайдаг байсан бол одоо галигаар, овгоор , агуулгын төрлөөр нь хайхад энэ зохиогчийн нэр дээр хэчнээн бүтээл байна вэ гэдгийг нь олон улсын түвшинд буюу Конгрессын номын санд каталогжуулж, тэрийг нь манай монгол номын сангууд шууд татаад авах боломж бүрдэнэ.
Сургалтын зочин багш АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн М.САРУУЛ-ЭРДЭНЭ:
-Би энэ сургалтад гурав дахь жилдээ багшилж байна. Эхний жилдээ Америкаас онлайн хэлбэрээр заасан бол сүүлийн хоёр жил танхимаар сургалтаа орж байна. Номын санч нарт долоо хоногт хоёр удаа, нэг орохдоо гурван цагаар найм удаагийн эрчимтэй сургалт явуулах гэж байна. Энэ сургалтын бас нэг онцлог бол стандарт бус ном буюу хуйлмал, CD, хоёр талаасаа эхэлсэн гэх мэт номуудыг хэрхэн зөв галиглах талаар зааж сургах юм. Олон улсын MARC формат, RDA стандартаар хэзээ бүрэн гүйцэт катлогжиж бэлэн болохыг би мэдэхгүй ч СУИС-ийн зочин профессор хүний хувьд оюутнуудаа төгсөхөөс өмнө энийг сайн зааж сургах юм сан л гэж зорьж байна.
Мөн сургалтад хамрагдаж буй номын санчдын төлөөлөл болох Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн номын санч Золжаргал, би 20 жил номын санчаар ажиллаж байна. Энэ сургалтад гурав дахь жилээ хамрагдаж байна. Бидэнд ном катлогжуулах тогтсон нэг гарын авлага ч юм уу, заавар байдаггүй л дээ. Энэ сургалтад хамрагдсанаар монголын номын санч бид нэгдсэн стандарттай болж байгаа. Тийм учраас энэ үйл хэрэгт оролцож байгаадаа туйлын их баяртай байгаа. Сургалт маань миний магистрын ажилд ч хэрэг болж байна хэмээн сэтгэдлээ хуваалцсан юм.