ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны санаачилгаар ОХУ-ын Гадаад хэргийн яам, Россотрудничество, Nauka.rf порталын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Ирээдүйн эрдэмтэд" төслийн багийнхан МУБИС-д 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажиллаж, оюутан залуустай уулзалт хийлээ. Тус төслийн багийнхан МУБИС-ийн Гадаад харилцааны алба, НХУС-ийн Орос хэлний тэнхимтэй хамтын ажиллагааны хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, Орос хэлний тэнхимийн 2,4,5 дугаар ангийн суралцагчид идэвхтэй оролцов.
"Ирээдүйн эрдэмтэд" төслийн зохион байгуулагчаар A.С.Пушкиний нэрэмжит, Орос хэлний улсын дээд сургууль ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухааны ололт амжилт, олон улсад нэр хүндтэй Оросын эрдэмтэд болон тэргүүлэх их сургууль, судалгааны байгууллагуудын мэргэжилтнүүд хамрагдаж байгаагаараа онцлог юм.
Арга хэмжээг нээж МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, дэд профессор Н.Мягмарцоож үг хэлсэн ба төсөл зохион байгуулагчид ерөнхий танилцуулга, зорилго, хамрах хүрээ, цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг танилцуулж, олон салбарын эрдэмтдийн семинарыг сонордуулсан юм.
