Монгол Улс нь хэдийгээр жендерийн хөгжил өндөр орнуудын тоонд багтдаг ч НҮБХХ-ийн 2022 оны Хүний хөгжлийн илтгэлээс харахад жендэрийн тэгш бус байдлын индекс нь бүс нутаг болон дэлхийн дунджаас доогуур байна. Түүнчлэн, НҮБ-ын Хүн Амын Сангийн 2017 оны судалгаанаас харахад дунджаар 3 эмэгтэй тутмын 2 (57.9%) нь амьдралынхаа аль нэг үед хамтрагч эсвэл урьд нь хамтран амьдарч байсан этгээдийн үйлдсэн (бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, хянах зан үйл, эдийн засгийн) хүчирхийлэлд өртсөн байдаг байна. Мөн, статистик үзүүлэлтээс залуу эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн гол шалтгаан нь төрөлт, хүүхэд асралтын ажилтай холбоотой байгааг харж болох ба хүүхэд асрах үйлчилгээний хүртээмжийн хязгаарлагдмал байдал нь эмэгтэйчүүдийн мэргэжлийн карьерт урт хугацааны завсарлага үүсгэдэг болохыг харж болох юм.
МУ-ын Засгийн Газрын жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлого нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс аливаа нийгэм, эдийн засгийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэх, жендерийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, арилгахад чиглэгддэг. МУ-ын Засгийн Газар нь жендерийн тэгш байдлын талаар охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна.
2011 онд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах замаар олон нийтийн дунд жендэрт суурилсан хэвшмэл ойлголтыг арилгах цогц арга хэмжээг дэмжих гол баримт бичгүүд болох Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрүүд батлагдсан.
НҮБХХ-ийн Жендерийн Нийгмийн хэм хэмжээний индексээс харахад ойролцоогоор хүн амын тал хувь нь эрчүүдийг эмэгтэйчүүдээс илүү сайн улс төрийн удирдагч болно гэж үздэг байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд парламентын суудлын дөнгөж 24 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Сонгуульд МУ-ын нийт сонгогчдын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, идэвхтэй оролцдог боловч улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй хэвээр байгаагаас гадна өнөөг хүртэл эмэгтэй хүн Төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг хашаагүй байгаа юм. Мөн, 2020 оны байдлаар МУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын 17.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн дундаж болох 24.9 хувиас хамаагүй доогуур байна.