Монгол улс 2025 оноос хос бичигтэн болж үндэсний бичгээ албан ёсоор сэргээн хэрэглэж эхэлсэн энэхүү түүхэн цаг үед монголчууд бидэнд баяр хүргэж Японы судлаач, түүхийн ухааны доктор Төвчүүд Байгал “Бурхан багшийн сургаал” номыг монгол бичигт хөрвүүлэн монголын нийт номын сангуудад (МУҮНС-эхлээд бүх нийтийн номын сангууд, их дээд, ЕБ болон бүх шатны номын сангууд, аймаг сум тэр дундаа сумын сургуулийн номын сангуудад хүртэл)хүртээхийг тооцож нийт 10000 ширхэг хэвлүүлэн үнэ төлбөргүйгээр тараан хүргүүлэх ажлын эхлэл өнөөдөр 2025 оны 3 сарын 12-ны өдөр МУБИС-ийн хурлын танхимд боллоо.
Бурхан багшийн сургаалыг өдгөө дэлхий нийт шашны ном гэж үзэхээс илүү Буддын гүн ухааны, аж төрөхүйн, хүнлэг ёс, ёс суртахууны бүтээл гэж нэгэнт үзэж өргөнөөр судлах болсон билээ. Одоогоос 30 жилийн өмнө 1996 онд тухайн үеийн Соёлын сайд байсан Намбарын Энхбаяр гуай “Бурхан багшийн сургаал”-ыг монгол хэлээр анх удаа олон нийтэд зориулан энгийн хэллэгээр орчуулгын өндөр түвшинд орчуулж, яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбар, Ж.Хатанбаатар нар хянан тохиолдуулж, Японд 10000 хувь хэвлүүлэн номыг нээх, хүлээн авах ажиллагаанд оролцсон 500 хүнд 500 ширхэг номыг үнэгүй тарааж, бүх номын сангуудад бэлэглэж байсан түүхтэй.
Байгал эрдэмтэн энэ удаа Бурхан багшийн сургаалыг монгол бичигт хөрвүүлэхдээ 1996 оны Намбарын Энхбаяр гуайн орчуулгыг баримтлан хөрвүүлсэн байна.
Монгол улсад нийт 1500 гаруй номын сан байдаг бөгөөд өнөөдөр монголын уншигчдын гар дээр очиж байгаа Бурхан багшийн сургаал бүтээл маань номын сангийн эрэлт хэрэгцээ,хүрээллээс шалтгаалан нэг номын санд 3-5 ширхэг очих юм.
Ийнхүү бид өнөөдрийн нээлтээрээ УБ хот дахь бүх шатны номын сангийн төлөөллүүддээ бэлэглэж байгаа бол орон нутагт аймаг, сум, сумын сургуулийн номын сангуудад МУҮНС-тай хамтран тараан хүргүүлж, ЕБС-ийн номын сангуудад Хүүхдийн төв номын сантай хамтран хүргүүлэх юм.
Бусад байгууллага, их дээд сургуулийн номын сангууд МУБИС-ийн номын санд хэдийд ч ирж номын хандив хүлээж авахад нээлттэй байх болно.
Хөрвүүлэгч Төвчүүд Байгалийн тухай:
Япон улсын Оберин их сургуулийн профессор.Түүхийн ухааны доктор.
1963 онд Өвөр Монголын Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Загастай сумын Баян хангайд төрсөн.
Түүний судалж хэвлүүлсэн бүтээлүүдээс дурдвал:
“Монголын төлөө тэмүүлсэн сэтгэл” (кирилл бичиг), УБ., 2013 он.
“Сайчунгагийн зохиол бүтээл”, Өвөр Монголын Шинжлэх ухаан техник мэргэжлийн хэвлэлийн хороо, 2014 он.
“Сайчунга судлал”, Япон, 2018 он.
“Шведийн шашин дэлгэрүүлэгчийн татсан Монголын тухай гэрэл зураг”, Япон, 2021 он зэрэг бүтээлүүд юм.
Тэрээр одоогоор ХХ зууны эхэн үеийн Өвөрмонголын сэхээтэн, эрх чөлөөний төлөө тэмцэгч, Чингис хааныг шүтэн бишрэгч Сайчунгагийн зохиол бүтээл, захидал, өдрийн тэмдэглэл, зураг, Сайчунгагийн тухай дурсамж тэмдэглэл болон өгүүлэл мэдээлэл зэргийг цуглуулан эмхэтгэж “Сайчунга судлал ба материал” хэмээх цуврал номыг Монгол Улсад хэвлүүлсээр өдгөө 11 дэх цуврал гараад байгаа билээ.
Ийнхүү монголын бүх уншигчдад чин сэтгэлээсээ номын бэлэг илгээсэн багш Байгалдаа монголын нийт номын санчид, уншигчдын өмнөөс гүн талархал илэрхийлье.
Мөн энэ сарын 17-нд Японы Оберин их сургуулийн төлөөлөгчид МУБИС-д зочилж хамтын ажиллагааг эхлүүлэх бол 19 ний өдөр Японы Оберин их сургуультай хамтарсан Монголын Бурхны шашны өнгөрсөн, одоо, ирээдүй – Тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний хурал МУБИС дээр зохион байгуулагдах юм.