
Энэ 7 дугаар сарын 03 – 06-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотод ОХУ, Монгол улсын их сургуулийн ректоруудын анхдугаар чуулга уулзалт боллоо. Уг чуулга уулзалтад ОХУ-ын 40 гаруй их сургууль /Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Герцений нэрэмжит Санкт-Петербургийн Улсын багшийн их сургууль, Ельциний нэрэмжит Уралын холбооны их сургууль, Ждановын нэрэмжит Эрхүүгийн улсын их сургууль гэх зэрэг/, Монгол улсаас төрийн болон төрийн бус өмчийн 12 их сургууль /МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, ХААИС, ДХИС, Этүгэн, Идэр, Аварга гэх зэрэг/-ийн ректор, сургалт эрхэлсэн проректорууд оролцов.
Чуулга уулзалтын бүгд хуралдааны эхэнд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков, Монгол улсын Боловсролын сайд П.Наранбаяр, Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, Орос улсын ректоруудын холбооны ерөнхийлөгч, Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн ректор, академич В.А.Садовничий нар оролцогчдод хандан баяр хүргэж үг хэллээ.
Бүгд хуралдаанд ОХУ-ын Сибирийн Салбарын Монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч, академич Б.В.Базаров, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Т.Намнан, ОХУ-ын Свердлов мужийн их дээд сургуулийн ректоруудын Зөвлөлийн дарга, Б.Н.Ельциний нэрэмжит Уралын холбооны их сургуулийн ерөнхийлөгч В.А.Кокшаров, МУИС-ийн ректор Б.Очирхуяг, Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн ректор А.В.Дамдинов, ОХУ-ын Үндэсний судалгааны МЭИ их сургуулийн ректор Н.Д.Рогалёв нар хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны түүх, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар үндсэн илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Үндсэн илтгэл хэлэлцэж дууссаны дараа ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И.Могилевский, Монгол улсын Боловсролын сайд П.Наранбаяр нар тус хоёр яам 2025-2029 онд боловсролын салбарт хамтран ажиллах Хөтөлбөрт гарын үсэг зурж, “Боловсролын салбар дахь Орос, Монголын хамтын ажиллагаа” ном бэлтгэн хэвлүүлснээ албан ёсоор танилцууллаа.
Чуулганы ажиллагаа 4 салбар хуралдаанаар үргэлжилсэн бөгөөд “Монгол улсад орос хэл, Орос улсад монгол хэлийг судлах нь” сэдэвт салбарыг Эрхүүгийн улсын их сургуулийн ректор, профессор А.Ф.Шмидт, Монгол улсын боловсролын их сургуулийн ректор, профессор Ж.Батбаатар нар даргалан хуралдуулж, МУБИС-ийн НХУС-ийн Орос хэлний тэнхимийн зөвлөх профессор, профессор С.Эрдэнэмаам “Монгол улс дахь орос хэл: түүх, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Чуулганы хаалтын бүгд хуралдаан буюу Стратегийн чуулган дараа өдөр нь Байгал нуурын эрэг дээрх “Ровестник” аялал жуулчлалын баазад үргэлжлэн, салбар хуралдаануудаас гарсан санал дүгнэлтүүдийг сонсон хэлэлцэж, орос, монгол ректоруудын тодорхой санал шүүмжлэлүүдийг тусгасны үндсэн дээр “ОХУ, Монгол улсын их сургуулийн ректоруудын чуулга уулзалтын Тунхаг бичиг”-ийг батлан гаргалаа. Хаалтын бүгд хуралдааны төгсгөлд Халимагийн улсын их сургуулийн ректор Б.К.Салаев Бүгд Найрамдах Халимаг Улсын Ардын Хурал /Парламент/-ын даргын шийдвэрээр ОХУ, Монгол улсын хооронд шинжлэх, ухаан боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн шагнасан “Талархлын бичиг”-ийг Монгол улсын Боловсролын их сургуулийн ректор, профессор Ж.Батбаатар ёслол төгөлдөр гардууллаа.
Чуулганы өдрүүдэд МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, проректор Б.Хоролдагва нар ОХУ-ын хэд хэдэн их сургуулийн ректортой ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагаагаа өргөтгөн хөгжүүлэх талаар санал солилцож, Халимагийн улсын их сургуулийн ректор Б.К.Салаевтай “Халимагийн улсын их сургууль, Монгол улсын Боловсролын их сургуулийн хоорондын хамтын ажилллагааны замын зураглал”-д гарын үсэг зурсан юм.