
МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 70 жилийн ой энэ 7 хоногт тохиож байна. Ойн хүрээнд “Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил- 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал, Спортын үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр МУБИС-ийн хичээлийн I байрны 312 тоот хурлын танхимд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг эхлүүллээ.
Биеийн тамир, спортын боловсрол, спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, ололт амжилт, онол практикийн хандлага, сайн туршлага, шийдлүүдийг хуваалцах, судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус хуралд 7 улсын 59 эрдэмтэд дараах дөрвөн чиглэлийн дагуу 31 илтгэл хэлэлцүүлэх юм.
- Биеийн бялдрын боловсрол, идэвхтэй хөдөлгөөн
- Спортын шинжлэх ухаан
- Спортын анагаах ухаан
- Спортын маркетинг, менежмент
"Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил-2025" олон улсын ЭШХ-ын үндсэн илтгэгчдээр:
Л.Уртнасан - “Биеийн тамир, спортын боловсролд “Алдартнуудын өргөө”-ний оруулсан хувь нэмэр”
Б.Ганзориг - “Өсвөрийн тамирчдын булчингийн ажиллах чадварыг тодорхойлох”
Ж.Баасанхүү - “Монгол улс дахь спорт, олимпизмийн хөдөлгөөний хөгжилд Биеийн тамирын дээд сургуулийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, хувь нэмэр” сэдэвт илтгэлүүдийг сонордуулна.
МУБИС, БТСУХ, МҮОХ-той хамтран жил бүр зохион байгуулдаг "𝐃𝐞𝐯𝐞𝐥𝐨𝐩𝐦𝐞𝐧𝐭 𝐨𝐟 𝐩𝐡𝐲𝐬𝐢𝐜𝐚𝐥 𝐞𝐝𝐮𝐜𝐚𝐭𝐢𝐨𝐧 𝐚𝐧𝐝 𝐬𝐩𝐨𝐫𝐭𝐬" олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдрийн турш үргэлжилнэ.