
БНХАУ-ын Уханы Биеийн тамирын их сургуулийн төлөөлөгчид Монгол Улсын Боловсролын их сургуулийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүрэлцэн ирсэн бөгөөд БТС, ДУТС-ийн удирдлагууд хамтын ажиллагааны талаар албан уулзалт зохион байгууллаа.
Мөн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болох МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй “Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил- 2025” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор зорин ирсэн юм.
Айлчлалын хүрээнд Уханы Биеийн тамирын их сургуулийн Олон Улсын Боловсролын сургуулийн захирал Long Bin, Одон бөмбөгийн сургуулийн дэд нарийн бичгийн дарга, дэд захирал Shen Zhenwei, Олон Улсын Боловсролын сургуулийн дэд профессор Cheng Jinyu нар МУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга доктор, дэд профессор Г.Цогзолмаа, Биеийн тамирын сургуулийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, дэд профессор ОУХМ С.Туул, Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал, доктор С.Батцоож, Дизайн зураг зүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор М.Моломжамц, Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Т.Сэлэнгэ, Хөтөлбөрийн албаны дарга Ж.Нармандах нартай уулзалт хийж, хамтын ажиллагааны тухай санал солилцон, харилцан туршлага хуваалцлаа. Тус уулзалт нь хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, урлаг, спорт, биеийн тамирын боловсролын чиглэлээр хамтран ажиллах шинэ боломжуудыг нээсэн онцлох үйл явдал болсон юм.