МУБИС-ийн багш нар БНСУ-ын Кёнги, Сангжи их сургуульд ажиллав

2025.12.10 20:04 Үйл явдал

МУБИС-ийн НХУС-ийн багш нар 2025 оны 12 сарын эхний долоо хоногт БНСУ-ын Кёнги, Сангжи их сургуулиар зочлон, ажиллав. НХУС-ийн багш нар Кёнги их сургуулийн Гадаад харилцааны албаны даргатай хамтын ажиллагааны талаар санал солилцож, сургуулийн орчин, музейтэй танилцлаа. 1947 онд байгуулагдсан Кёнги их сургууль 18 мянга гаруй суралцагчтай бөгөөд 43 улсын 300 гаруй их сургууль, байгууллагатай хамтын ажиллагаатай юм.

НХУС-ийн багш нарыг Сангжи Их Сургуулийн захирал Сонг Kён Риүн, дэд захирал Пак Ги Гуан хүлээн авч уулзжээ. Мөн Сангжи их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Жан Хян Шил, Ирээдүйн авъяастан сургуулийн захирал Жон Хён Сүг, Хүмүүнлэг нийгмийн ухааны судалгааны хүрээлэнгийн захирал Ким Гым Сүг нартай ажлын уулзалт хийв. Уулзалтын үеэр МУБИС-ийн түүх, бүтэц-зохион байгуулалт, үйл ажиллагааг дэд профессор П. Эрдэнэтуяа, Сангжи их сургуулийг профессор Жан Хян Шил танилцуулав. 1950 онд байгуулагдсан Сангжи их сургууль хиймэл оюун ухааныг нэг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгаа юм.

Мөн БНСУ-ын Сангжи их сургуультай МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, Сангжи их сургуулийн Хүмүүнлэг нийгмийн ухааны судалгааны хүрээлэнтэй Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Монгол хэлний түвшин тогоох үнэлгээ-арга зүйн “ТOPMON” төв хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, судалгааны төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, оюутан, багш солилцооны талаар санал солилцжээ. Түүнчлэн Сангжи их сургуулийн номын сан, мэдээллийн төвийг үзэж танилцсан байна.