МУБИС, АШУҮИС магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

2026.03.27 17:55 Үйл явдал

МУБИС, АШУҮИС-ийн удирдлагууд “Эрүүл мэндийн боловсрол” магистрын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус ёслолын үйл ажиллагаа 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр АШУҮИС-ийн төв байрны Эрдмийн өргөө 220 тоотод болж, хоёр сургуулийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.

Хүүхэд өсвөр үе, насанд хүрэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийн багш нарыг чадавхжуулах, мэргэжлийн болон боловсролын зэрэг цолоо ахиулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн боловсролын ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг МУБИС-аас илгээснээр Боловсролын Яамны “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай” 2025 оны 06 дугаар сарын 02-ны А/287 тоот тушаалын хавсралтаар Боловсролд хамаарах салбар дундын чиглэлийн “Эрүүл мэндийн боловсрол” /018804/ магистрын хөтөлбөр батлагдсан юм.

Ийнхүү гэрээ байгуулснаар хоёр их сургууль мэргэжлийн нөөц, судалгаа, сургалтын чадавхаа нэгтгэн, эрүүл мэндийн боловсролын чиглэлээр ахисан түвшний боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь боловсрол, эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог бэхжүүлж, нийгмийн хэрэгцээнд нийцсэн, чанартай мэргэжилтэн бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Оролцогч талууд:​

МУБИС-аас:​

Ж.Батбаатар (Ректор)​

Л.Мөнхтуяа (Захиргаа, хүний нөөцийн газрын захирал)​

Д.Соронзон (Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор)​

Д.Цэдэвсүрэн (Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга)​

Н.Баярцэцэг (Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга)​

Т.Ганбаатар (Математик, байгалийн ухааны сургуулийн захирал)​

Б.Норжинбуу (Математик, байгалийн ухааны сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга)

​Ж.Ариунболд (Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч)​

Э.Мөнгөнтулга (Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш)​

АШУҮИС-аас:​

Б.Дамдиндорж (Ректор)

​Г.Батбаатар (Боловсрол хариуцсан проректор)​

Г.Дарамбазар (Сургалтын бодлого, зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газрын дарга)​

С.Хандмаа (Багш, оюутны хөгжлийн газрын дарга)​

Ш.Үүртүяа (Ахисан түвшний сургуулийн захирал)​

Ц.Алтансүх (Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төвийн эрхлэгч)​

Д.Гантуяа (Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эпидемиологи, биостатистикийн тэнхимийн эрхлэгч)​

Э.Сарантуяа (Ахисан түвшний сургууль, Академик сургалтын төвийн эрхлэгч)