МУБИС, ХБНГУ-ын Найбрандбургийн Хэрэглээний Шинжлэх ухааны их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026.05.28 10:32 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын их сургууль, ХБНГУ-ын Найбрандбургийн Хэрэглээний Шинжлэх ухааны их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр МУБИС-д болов.

Арга хэмжээнд МУБИС-ийн ректор профессор  Ж.Батбаатар, Гадаад харилцааны албаны дарга дэд профессор Г.Цогзолмаа, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн захирал доктор Б.Мөнхзаяа, МУБИС-ийн ахмад багш Н. Норжхорлоо, Гадаад харилцааны албаны мэргэжилтнүүд болон ХБНГУ-ын Найбрандбургийн Хэрэглээний Шинжлэх ухааны их сургуулийн Сургуулийн Өмнөх Боловсролын тэнхимийн эрхлэгч доктор Клаудиа Нюрнберг, зочин багш доктор Бернхард Нагел нар оролцов.

Доктор Бернхард Нагел нь МУБИС-тай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд МУБИС-иас зохион явуулдаг боловсролын олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Институтчилсэн боловсролын тогтолцоонд сургуулийн өмнөх байгууллагын ач холбогдол”, “Дээд боловсролын чанарын баталгаа” зэрэг сэдвээр илтгэл тавьж ирсэн. Мөн тэрээр ACQUIN-ийн 2023 оны магадлан итгэмжлэлийн багт зөвлөхөөр ажиллаж, МУБИС-ийн хөтөлбөрийн чанар, хөгжилд хувь нэмэр оруулсан билээ.

Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 20-ноос 04 дүгээр сарын 01-ний хооронд доктор Клаудиа Нюрнберг, доктор Бернхард Нагел нар МУБИС-д ажиллаж, сургуулийн өмнөх болон бага боловсролын чиглэлээр үндэсний хэмжээний лекц, уулзалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулж байсан билээ. Тухайлбал, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “СӨБ болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийн олон улсын чиг хандлага” сэдэвт лекцийг танхим болон онлайн хэлбэрээр зохион байгуулж, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, МУБИС, СӨБС, Багшийн сургууль, аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүн хамрагдсан байна. Мөн МУБИС-ийн Архангай аймаг, Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш, экспертүүдэд зориулсан онлайн болон танхимын сургалт зохион байгуулж, Төв аймгийн Аргалант сумын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж байв.

Энэ хугацаанд ХБНГУ-ын Найбрандбургийн Хэрэглээний Шинжлэх ухааны их сургуулийн цөөн тооны оюутан 2026 оны 03 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймгийн цэцэрлэгт дадлага хийж байгаа нь хоёр сургуулийн хамтын ажиллагаа бодит үйл ажиллагаанд хэрэгжиж буйн нэг жишээ юм.

Энэхүү гэрээний хүрээнд талууд цаашид оюутан, багш солилцоо, дадлага, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төсөл, мэргэжил дээшлүүлэх сургалт зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

МУБИС-ийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон улсын туршлага солилцох, хамтарсан судалгаа, сургалт, дадлагын боломжийг нэмэгдүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.