Монгол Улсад хятад хэлний боловсролын чанар, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, судалгаа шинжилгээний үр дүнг харилцан солилцох зорилготой “Монгол Улс дахь хятад хэлний багш боловсролын чанартай хөгжил” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 9 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Монгол Улсын Боловсролын Их Сургуульд зохион байгуулагдаж байна.
МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, БНХАУ-ын Боловсролын яамны Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төвийн орлогч захирал YANG ZHOU, Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хэлтсийн дарга YIN DONGMIN тэргүүтэй 2 улсын төлөөлөгчид
- “Монголын хятад хэлний боловсролын судалгааны хүрээлэн”
- “Монгол улсын залуу хятад судлаачдын судалгааны хүрээлэн, олон улсын хятад хэлний багшийн тэтгэлэгт хөтөлбөрөөр төгсөгчдийн Монголын холбоо”-г албан ёсоор нээсэн юм.
“Монголын хятад хэлний боловсролын судалгааны хүрээлэн” нь Монгол Улсад хятад хэлний боловсролын чиглэлээр хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлыг нэгтгэн хөгжүүлэх, үндэсний онцлогт нийцсэн хятад хэлний сургалтын арга зүй, хөтөлбөр, багшийн хөгжлийн асуудлыг судлах, салбарын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал судалгааны талбар болох юм.
Тус хүрээлэн байгуулагдсанаар Монголын хятад хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, хятад хэлний боловсролын чанар, багшлах боловсон хүчний хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэх ач холбогдолтой гэж төлөөлөгчид үзэж байна.
Харин “Монгол Улсын залуу хятад судлаачдын судалгааны хүрээлэн, Олон улсын хятад хэлний багшийн тэтгэлэгт хөтөлбөрөөр төгсөгчдийн Монголын холбоо” нь Монголд хятад хэл, хятад судлалын чиглэлээр суралцаж, мэргэшсэн шинэ үеийн залуу судлаачид, багш, мэргэжилтнүүдийг нэгтгэх чухал талбар болж байна.
Энэхүү холбоо нь залуу судлаачдын судалгааны ажлыг дэмжих, харилцан туршлага солилцох, мэргэжлийн сүлжээг өргөжүүлэх, Монгол, Хятадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд чиглэнэ. Түүнчлэн олон улсын хятад хэлний багшийн тэтгэлэгт хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага, судалгааны үр дүнг Монголын хятад хэлний боловсролын хөгжилд буцаан нутагшуулах гүүр болох онцлогтой.
Ингэснээр дээрх хоёр байгууллага нь нэг талаас Монгол дахь хятад хэлний боловсролын судалгааны суурийг бэхжүүлэх, нөгөө талаас шинэ үеийн судлаач, багш нарын мэргэжлийн оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол Улсад хятад хэлний боловсролыг чанартай, тогтвортой хөгжүүлэхэд чухал институтийн үндэс болж байна гэж БНХАУ-ын Боловсролын яамны төлөөллүүд онцлов.
Тус хуралд МУБИС, МУИС, ШУТИС, Батлан хамгаалахын их сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, БНХАУ-ын, Зүүн хойд Багшийн Их Сургууль, Шаньдун их сургууль, Даляний Гадаад Хэлний Их Сургууль, БНХАУ-ын Боловсролын яамны Хэлний боловсрол хамтын ажиллагааны төв болон Монгол, Хятадын боловсрол, судалгааны байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байна.