Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуулийн Гадаад харилцааны албаны дэд захирал, эдийн засгийн ухааны доктор, профессор Степан Сергеевич Быковд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Хүндэт доктор цол олголоо.
Профессор С.С.Быков нь боловсрол, эрдэм шинжилгээ, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улс, ОХУ-ын боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн эрдэмтэн юм.
Түүний Монгол Улс, тэр дундаа МУБИС-тай хөгжүүлсэн хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд боловсрол, эрдэм шинжилгээний салбарын харилцааг өргөжүүлэх, багш, оюутнуудын суралцах, мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт ажлуудыг хэрэгжүүлж ирсэн байна.
Тухайлбал:
- 2015 оноос МУБИС-ийн багш, оюутнуудын мэргэжил дээшлүүлэх, оюутан солилцоо, орос хэл, орон судлалын сургалт, математикийн багшийн мэргэжил дээшлүүлэх зэрэг олон хөтөлбөрийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож ирсэн;
- Монголын их, дээд сургууль, ШУА болон бусад байгууллагатай хамтран боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын оюутнуудыг ОХУ-д суралцах боломжийг нэмэгдүүлэхэд үр бүтээлтэй ажилласан;
- Түүний дэмжлэг, оролцоотой хэрэгжсэн хөтөлбөрүүдийн хүрээнд олон монгол оюутан ОХУ-д суралцах боломжийг хүртэж, өнөөдрийн байдлаар зөвхөн Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуульд 80 гаруй монгол оюутан суралцаж байгаагийн 50 гаруй нь дээрх хөтөлбөрүүдээр элссэн байна.