БНХАУ-ЫН НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МУБИС-Д АЙЛЧЛАЛАА

2026.09.17 09:42 Үйл явдал

БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн их сургууль (UCASS)-ийн төлөөлөгчид Монгол Улсын Боловсролын их сургуульд 2026 оны есдүгээр сарын 15-ны өдөр айлчилж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтад МУБИС-ийн ректор, профессор Ж. Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид болон UCASS-ийн Хятадын Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга Шюй Жинчэн, Судалгааны газрын захирал бөгөөд Эдийн засгийн сургуулийн захирал, профессор Жан Тао, Дэлхий болон бүс нутаг судлалын сургуулийн захирал, профессор Ван Хуа, Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны газрын захирал, доктор Ли Ти, Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны газрын хөтөлбөрийн зохицуулагч Ши Жя-яо зэрэг хоёр сургуулийн төлөөлөгчид оролцов. Талууд сургуулиудынхаа сургалт, судалгааны үйл ажиллагааг танилцуулж, Монгол, Хятадын их сургуулиудын хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны салбарын академик солилцооны талаар хэлэлцлээ.

Уулзалтын үеэр нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах хоёр боломжит чиглэлийг тохиролцов. Нэгдүгээрт, UCASS-ийн философи болон нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн эрдэмтэн, судлаач, багш нарыг МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуульд богино хугацаагаар зочин профессороор урьж, лекц, семинар, хичээл зохион байгуулахаар ярилцав. Хоёрдугаарт, UCASS-ийн Монгол хэлний тэнхимтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхээр санал нэгдлээ.

Эдгээр чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр, хугацааг хоёр сургууль цаашид хамтран тодорхойлох юм.