ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

2026.11.02 10:57 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын Их Сургууль болон ОХУ-ын А.И.Герцений нэрэмжит Улсын Багшийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 01-30-ны өдрүүдэд тус сургуулийн Гадаад хэлний сургуулийн багш, доктор, профессор Н.А. Хан, ахлах багш, доктор, профессор В.И. Ухарцева нар МУБИС-ийн НХУС-ийн Орос хэлний тэнхимд зочин багшаар ажиллалаа.

Зочин багш нар ажиллах хугацаандаа А1-ээс В1 хүртэлх түвшний оюутнуудад зориулсан орос хэлний сургалтыг зохион байгуулж, интерактив, харилцаанд суурилсан арга зүйгээр хичээл заав. Сургалтад хамрагдсан оюутнууд зочин багш нартай шууд харилцан ярилцах замаар орос хэлний ярианы болон харилцааны чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын түүх, соёл, уламжлалын талаарх мэдлэгээ өргөжүүлсэн юм.

Түүнчлэн Орос хэлний тэнхимээс оюутнуудын дунд зохион байгуулсан “Орос хэлний долоо хоног” үйл ажиллагааны хүрээнд зочин багш нар “Шилдэг уншигч”, “Шилдэг дуучин” уралдааны шүүгчээр ажиллаж, оюутнуудын хэлний мэдлэг, авьяас чадварыг үнэлэн дэмжлээ.

Мөн оюутнуудын орос хэлний мэдлэгийг бататгах, ОХУ-ын түүх, газар зүй, соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Своя игра” нэртэй орон судлалын асуулт, хариултын тэмцээнийг удирдан зохион байгуулав. Тэмцээнд оролцогчид мэдлэг, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, Орос орны түүх, газар зүй, соёлын онцлогийн талаарх мэдлэгээ харууллаа.

Зочин багш нарын энэхүү үйл ажиллагаа нь МУБИС-ийн оюутнуудын орос хэлний мэдлэг, харилцааны чадварыг дээшлүүлэх, хэл, соёлын орчинд суралцах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоёр сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр орууллаа.