Монгол Улсын Боловсролын их сургууль, Япон улсын Хёого багшийн их сургуулийн олон жилийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх чиглэлээр 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 сургуулийн төлөөлөл албан уулзалт хийв.
Уулзалтад Япон улсын Хёого багшийн их сургуулийн Глобал боловсролын төвийн захирал, профессор Кэнжи Ишикура, Ахисан түвшний сургуулийн хоёр суралцагч, МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, Боловсрол судлалын сургуулийн захирал, профессор Д. Мөнхжаргал, Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Чу. Байгальмаа, дэд профессор Г. Батцэнгэл, Гадаад харилцааны албаны мэргэжилтэн, доктор Б. Нямжаргал нар оролцов.

МУБИС нь Хёого багшийн их сургуультай 2007–2009 онд Монголын сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролд дохионы хэл нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлснээр хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан юм. Улмаар профессор Кэнжи Ишикурагийн удирдлага дор 2010 оноос хамтарсан үйл ажиллагаа өргөжиж, 2013 онд хоёр сургуулийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдсан түүхтэй.
Хамтын ажиллагааны хүрээнд 2014 оноос МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын чиглэлийн анхны магистрантууд Хёого багшийн их сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд 2010–2014 онд Архангай, Эрдэнэт, Дархан зэрэг орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, багш нарт зориулсан сургалт зохион байгуулж байв. Мөн 2016 онд тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр хамтарсан сургалт явуулж, нийт 210 багшийг хамруулсан. Үүнээс гадна сургалтын гарын авлага, арга зүйн зөвлөмж боловсруулах, багш, мэргэжилтнүүдийг туршлага судлуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.
Энэ удаагийн уулзалтаар талууд олон жилийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх, ялангуяа оюутан солилцооны хөтөлбөрөөр өргөжүүлэх санал солилцож, хамтран ажиллахаар тохиров.
Энэ хүрээнд 2027 оны 9 дүгээр сараас эхлэн 5–10 оюутныг хамруулсан оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Хөтөлбөрийн агуулга, хэрэгжүүлэх хугацаа болон зохион байгуулалтын бусад асуудлыг МУБИС-ийн Гадаад харилцааны алба, холбогдох бүрэлдэхүүн сургуультай хамтран нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр сургуулийн оюутан, багш нарын харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ боловсролын салбарын олон улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.