Польшийн их аялагч, судлаач Бенедикт Полакийн нэрэмжит 9 дэх удаагийн шагнал гардуулах ёслол БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн ивээл дор 2023 оны 6 дугаар сарын 24-нд Варшавын их сургуулийн Кажимежовскийн ордны Сенатын танхимд зохион байгуулагдаж, дээрх шагналыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн багш, зураач, археологич, доктор Ганхуягийн Одпүрэв хүртсэн юм. Түүнийг өнөөдөр МУБИС-ийн захирал, профессор Ж.Батбаатар болон ДУТС-ийн хамт олон хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Доктор Г.Одпүрэв нь Монголын говьд Монгол-Польшийн хамтарсан археологийн судалгааны төслийг удирдан хэрэгжүүлснээс гадна, археологи судалгаа, эрдэм шинжилгээний олон ажил, ном бүтээл бичиж, Польшид бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 5 удаа гаргаж, 1245-1247 онд Монголын их гүрний нийслэл Хархорум руу хийсэн Бенедикт Полакийн аяллыг дүрсэлсэн зурагт номыг Монгол, Англи хэлээр хэвлүүлжээ.
Польшийн Ерөнхийлөгч А.Дуда шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцогсод болон зохион байгуулагчдад хандан ирүүлсэн илгээлтдээ доктор Г.Одпүрэвт баяр хүргээд “Европ, Ази ба Польш, Монголын хооронд танин мэдэхүйн замыг тавьсан их аялагч, судлаач Бенедикт Полакийн нэрэмжит энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын нэрт археологич, соёлын зүтгэлтэнд олгож буй нь чухал холбогдолтой. Польш-Монголын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаанд зүтгэлтэй оролцож, ялангуяа Монголын говьд хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан ноён Доктор танд талархал илэрхийлье. Хоёр сарын өмнө Монголд хийсэн айлчлалынхаа үеэр манай хоёр орны түншлэл хамтын ажиллагаа ямар сайхан үр дүнд хүрч байгаатай биечлэн танилцах завшаан олдсон юм” хэмээн цохон тэмдэглэжээ.
Мөн тус улсад суугаа МУ-ын Элчин сайд Б.Дорж уг шагнал гардуулах ёслолд хүндэтгэл үзүүлэн оролцож, шагнал гардан авсан доктор Г.Одпүрэвт баяр хүргэв.