Боловсрол судлалын сургууль үндэсний зуслангуудтай хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа

2023.09.14 16:01 Үйл явдал

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал, профессор Д.Мөнхжаргал, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Олон улсын Найрамдал цогцолбор, Нарс хүүхдийн зуслан, Ерөнхий боловсролын Галакси сургуультай тус тус хамтын ажиллагааны “Санамж бичиг” үзэглэлээ.

Тус сургуулийн Нийгмийн ажил арга зүйн тэнхим 2014 оноос эхлэн “Монголын үндэсний зуслангуудын холбоо”-той хамтран ажиллаж нийслэл, орон нутгийн нийт 20 гаран зуслантай хамтран судлан оношлох дадлагыг зохион байгуулж ирсэн туршлагатай. Санамж бичиг байгуулах үеэр тус тэнхимийн 3-р курсийн оюутнууд 2022-2023 оны хичээлийн жилийн “Судлан оношлох” дадлагын тайлангаа амжилттай хамгаалж, дадлага хийсэн зуслангийн удирдлагууд хүрэлцэн ирж сонирхлоо. Судлан оношлох дадлага хүүхдийн зусланд зохион байгуулагддаг бөгөөд оюутнууд хүүхдийн хөгжлийг судалж, хөгжил оролцооны хөтөлбөр хэрэгжүүлэн, бүлгийн туслах удирдагч багшаар ажиллан дадлагаждаг. Энэ хичээлийн жил НААЗТ 16 хүүхдийн зуслантай хамтран ажиллаж нийгмийн ажилтан, хүүхдийн арга зүйч-ийн ангийн нийт 90 оюутныг амжилттай дадлагажуулсан байна. Оюутнуудын тайлан хамгаалалтад Олон улсын Найрамдал цогцолбор, Галакси, Жавхлант, Энглиш Камп, Мөрөөдөл, Цоглог, Нарс, Цагаан нуга зэрэг  хүүхдийн зуслангуудын удирдлага, дадлага удирдагч нар оролцож туршлагаа хуваалцан оюутнуудад дүгнэлт өгсөн нь сайн туршлагыг нэмэгдүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэв.

Мөн арга хэмжээний үеэр НААЗТ-ээс нийгмийн ажлын дадлагын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байгаа түншүүддээ “ТАЛАРХАЛ”-ын бичиг гардуулан өгсөн юм.  Ийнхүү 2023 онд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ээ дүгнэн шинэчилж, цаашид хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр үндэсний хэмжээнд хамтран ажиллахаар төлөвлөжээ.