МУБИС-ийн өргөмжлөлт, цуврал лекц “Оюун ухааны хөгжлийн үнэлгээ” сэдвийн хүрээнд боллоо

2023.09.15 19:31 Үйл явдал

Эрдэм шинжилгээ, инновацын газар, БоСС-ын Багшийн хөгжил сургалт, судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж буй "МУБИС-ийн индэр" өргөмжлөлт лекц 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр МУБИС-ийн хичээлийн I байрны 300 тоотод танхимд боллоо.

Энэ удаагийн зочин багшаар “Танака Бине” оюун ухааны сорилын зохиогчийн эрх эзэмшигч эрдэмтэд болох Танака боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, Шоин их сургуулийн профессор Накамура Жүнко, тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, Цукуба их сургуулийн хүндэт профессор, Сайтама Гакуэн их сургуулийн профессор Оокава Ичиро нар “Оюун ухааны хөгжлийн үнэлгээ” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Харин Монгол талаас нийслэлийн Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ч. Нямдорж “Монгол Танака Бине” оюун ухааны сорилын практик хэрэглээний тухай илтгэл хэлэлцүүлсэн юм.

Тус үйл ажиллагааг ЭШИГ-ийн дарга, профессор Б.Хоролдагва нээн үг хэлж, хүрэлцэн ирсэн зочин профессор, багш, судлаачдад талархал илэрхийлсэн юм. Өргөмжлөлт лекцийн чиглүүлэгчээр МУБИС-ийн Багшийн хөгжил сургалт судалгааны хүрээлэнгийн багш, доктор Д.Одгэрэл танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж, МУБИС-ийн багш, оюутнууд хамрагдлаа.