МУБИС-ийн Дүрслэх Урлаг, Технологийн Сургууль ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран түүх соёлын үл хөдлөх дурсгал, биет өвийн хадгалалт, хамгаалалт, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, сурталчилгаа, инновацын чиглэлээр эрх тэгш, түншлэлийн зарчимд тулгуурласан хамтын ажиллагааг хөгжүүлэхээр өнөөдөр “Санамж бичиг” байгуулав.
Тус үйл ажиллагаанд Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Рэгзэн, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Эрдэнэ-Очир, Дүрслэх Урлаг, Технологийн Сургуулийн захирал, доктор /Ph.D/ С.Батцоож, Дүрслэх урлагийн тэнхимийн багш, ШУА-ийн Хүмүүнлэгийн салбарын бага чуулганы гишүүн, орлогч дарга, ФССУ-ийн чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дэд дарга, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Эрдэнэцог, Дизайн, зураг зүйн тэнхимийн багш, доктор /Art.D/ Г.Одпүрэв, Хөтөлбөрийн албаны дарга Ж.Нармандах, нар оролцлоо. Хоёр талын төлөөлөл өнөөдрийн уулзалтаар соёлын биет өвийн судалгаа, археологийн судалгаанд түшиглэсэн урлал судлалын ажлын өнөөгийн байдал, цаашид хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар санал солилцсон юм.
Санамж бичгийн хүрээнд хоёр тал цаашид эрдэм шинжилгээний мэдээлэл, баримт солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл, хурал, үзэсгэлэн, уулзалт зохион байгуулах, бүтээл туурвих, сургалт, дадлага, солилцоо, хүний нөөц бэлтгэх, инновацын үйл ажиллагааг хөгжүүлэх болон холбогдох бусад асуудлаар хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.