Монгол Улсын Боловсролын Их Сургууль Дотоод хэргийн их сургуультай сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны болон бусад чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Гэрээний хүрээнд талууд хууль зүйн салбарын боловсрол судлалыг хөгжүүлэх, багш, албан хаагчдын боловсрол судлалын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2018 оноос хойш хэрэгжүүлж буй “Хууль сахиулах боловсрол судлал”-ын магистрын түвшний хамтарсан сургалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Мөн магистрын хамтарсан хөтөлбөрөөр суралцаж байгаа болон хоёр талын их сургуульд харилцан суралцаж байгаа докторант багш, албан хаагчдын сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлөхөөр болсон байна.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн ректор, профессор Ж.Батбаатар, Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяа, Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, доктор Д.Соронзон, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, дэд профессор Т.Батболд, Дотоод хэргийн их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Тэргүүн дэд захирал, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Мөнхзаяа, Багшийн хөгжлийн төвийн эрхлэгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Буянтогтох, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, цагдаагийн ахмад Ц.Байгаль нар тус тус оролцсон юм.
МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар ДХИС-ийн багш, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын хүний нөөцийг бэлтгэх үйлсэд оруулж байгаа МУБИС-ийн хувь нэмэр болохыг онцлов.
Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар багш, албан хаагчдын боловсрол судлалын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлж, хоёр сургуулийн хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд талуудын зохион байгуулсан гадаадын болон дотоодын сургалт, зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал, семинарт хоёр талын их сургуулийн багш, судлаачдыг оролцуулах, хамтарсан судалгаа хийх, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо Түүнчлэн ДХИС-ийн багш, албан хаагчдын боловсрол судлалын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд МУБИС-ийн мэргэшсэн багш нар арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, “Багшлах эрх” олгох сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар тогтов.
Өнгөрсөн хугацаанд МУБИС-аас багшлах эрхийн сургалтыг жилд 2 удаа тогтмол зохион байгуулж, ДХИС-ийн 90 гаруй багш хамрагдан гэрчилгээгээ гардан авсан юм.
Уулзалтын дараа МУБИС-ийн төлөөлөгчид ДХИС-ийн сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцсан юм.