МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрдэмтэн багш нарын бүтээсэн “Монгол хэлний түвшин тогтоох сорил-Test of Proficiency in Mongolian" номын нээлт өнөөдөр боллоо. Үйл ажиллагааг МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар үг хэлэн нээж, Төв номын сан, МУИС, СЭЗДС, ХЗХ, АШИУС, ШУТИС, СУИС, ГХЯ, БНХАУ-ын ЭСЯ, ОХУ-ын ЭСЯ, Япон улсын ЭСЯ, АНУ-ын ЭСЯ, БНСУ-ын ЭСЯ, ОУУБИС, Хэлний бодлогын үндэсний хүрээлэн, Энхтайвны корпус, МУ-ын Консерваторийн төлөөлөгчид болон эрхэм хүндтэй зочид, эрдэмтэн багш нар оролцлоо.
Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, боловсролын үйлчилгээ улам бүр нээлттэй болж байгаа өнөө үед Монгол улсад ажиллаж, суралцаж, амьдрах хүсэлтэй гадаадын иргэн, гадаадад амьдарч байгаа боловч эх хэлээ гүнзгийрүүлэн судлах сонирхолтой Монгол иргэдэд зориулсан монгол хэлний түвшин тогтоох шалгалтын анхан, дунд, дээд шатны агуулгыг багтаасан 3 цуврал номыг МУБИС – аас эрхлэн гаргалаа.
МУБИС–ийн Монгол хэлний тэнхимийн эрдэмтэн багш нар 2019 оноос уг ажлыг эхлүүлж, БСШУЯ–ны сайдын 2019.01.30–ны өдрийн 52 дугаар тушаалын дагуу МУБИС–ийн Захирал, ШУА–ын ерөнхийлөгчийн 2019.04.22-ны өдрийн хамтарсан шийдвэрээр “Гадаадын иргэнээс авах монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Үүний үр дүнд “Монгол хэлний түвшин тогтоох сорил” анхан шатны ном 2021 онд, дунд шатны ном 2022 онд, дээд шатны ном 2023 онд хэвлэгдэн олны хүртээл болоод байна. Энэ сорил нь гадаадын иргэний монгол хэлний унших, бичих, ярих, сонсох чадварын түвшин тогтооход чухал хэрэглэгдэхүүн болох бөгөөд түвшин тус бүрд 1200 тестийн сан бүхий баялаг агуулгатай боловсруулжээ.