ДУТС-ийн багш нар БНСУ-ын Сувон хотод “La Foret” арт галерейд үзэсгэлэн гаргалаа

2024.02.08 12:16 Үйл явдал

МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн уран бүтээлч багш нар БНСУ-ын Сувон хотод “La Foret” арт галерейд бүтээлийн үзэсгэлэнгээ 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Гёнгги их сургуулийн ерөнхийлөгч YounKou Lee , Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч Park Sung Hyun, Сувон хотын соёлын газрын дарга, Гёнгги их сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш нар, хүндэт профессорууд, Солонгос улсын уран бүтээлчид оролцсон юм. Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг Генгги муж, Инчон хотын хэвлэл мэдээллийн сурвалжлагч, сэтгүүлчид олон нийтэд сурвалжилсан юм.

Үзэсгэлэнд МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн 11 уран бүтээлч багш нарын уран зураг, монгол зураг, уран бичлэг, байгалийн уран зургийн 35 бүтээл дэлгэгдсэн. Тухайн үзэсгэлэн нь БНСУ-ын Гёнгги их сургуультай тогтоож байгаа хамтын ажиллагааны хүрээнд, сургуулийн удирдлага, дүрслэх урлагийн тэнхимийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.