ШИНЭ НОМ: Дэд профессор Д.Одмандахын “Монгол улс дахь Буриад судлалын ном зүйн бүртгэл” номын нээлт боллоо

2024.02.19 16:00 Үйл явдал

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Д.Одмандахын “Монгол улс дахь Буриад судлалын ном зүйн бүртгэл” номын нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар тэргүүтэй удирдлагууд, Буриад зон олны эрхэм хүндтэй төлөөллүүд, эрдэмтэн багш, судлаачид, зохиогчийн шавь нар, хамт олон хүрэлцэн ирж оролцлоо.

Тус бүтээлд Монгол улс дахь Буриад судлалын судалгааны нэгдсэн тойм, хэл аялгуу, аман билэг, түүх, угсаатан зүй, антропологи судлал, урлаг соёл, хэл утга зохиол, намтар, дурсамж, сонин, сэтгүүл, ном хэвлэлд нийтлэгдсэн өгүүлэл, нийтлэл, дуртгал, тэмдэглэл, Буриад судлалын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүд гээд маш өргөн хүрээний бүх ном бүтээлүүдийг судлан оруулснаараа онцлогтой аж.

“Монгол улс дахь Буриад судлалын ном зүйн бүртгэл” номын редактораар МУБИС-ийн номын сангийн Эрдэм шинжилгээний номын санч, каталогич Д.Цолмон ажилласан байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр номын зохиолч Д.Одмандах МУБИС-ийн номын санд шинэ бүтээлийн дээжээсээ дурсгасан бөгөөд Буриад судлаач, оюутан залуус тус номыг ашиглах боломжтой боллоо.