АЛЕКСАНДР СОЛЖЕНИЦЫНЫ НЭРЭМЖИТ ОРОСЫН СОЁЛЫН ТӨВ ОРДОН, ОХУ-ЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛЭЭС МУБИС-Д НОМ ХАНДИВЛАЛАА

2024.04.09 10:46 Үйл явдал

Александр Солженицыны нэрэмжит Гадаад орнуудтай харилцах Оросын соёлын төв Ордон нь Гадаад дахь орос судлалын чиглэлээр тэргүүлэгч байгууллага бөгөөд соёлын өвийг цуглуулах, хадгалах, судлахын зэрэгцээ гадаад дахь Слав, орос судлалаар сургалт явуулдаг их дээд сургууль, судалгааны төвүүдтэй хамтран ажиллаж, Оросын соёл, уран зохиолыг гадаадад сурталчлах, гадаадад орос хэлний байр суурийг өргөжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. Тус ордон нь байгуулагдсанаасаа хойш гучаад жилийн турш орчин үеийн хэдэн мянган орос номыг гадаадын соёлын төв, их дээд сургуульд хандивлаж, үзэсгэлэн зохион байгуулсан байна.

2024 оны 04-р сарын 05-ны өдөр Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ, Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Орос ордны оролцоотойгоор Монгол Улсын Боловсролын Их Сургууль дээр Оросын нэр хүндтэй хэвлэлийн газруудын номын үзэсгэлэнгийн нээлт болсон ба энэ үеэр Александр Солженицыны нэрэмжит Гадаад орнуудтай харилцах Оросын соёлын төв Ордон, ОХУ-ын Зохиолчдын эвлэлээс орос хэлний багш мэргэжлээр суралцаж байгаа оюутан, магистрант, докторант, залуу багш, судлаачдад туйлын хэрэгцээтэй 300 ном, сурах бичиг, гарын авлага, толь бичгийг хандивлалаа.

Уг арга хэмжээнд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков, МУБИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга профессор Б.Хоролдагва, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар хот дахь Орос Ордны захирал Валерия Кильпякова, Монголын Орос хэлний багш нарын холбооны ерөнхийлөгч профессор Ц.Магсар, МУБИС-ийн Орос хэлний тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ш.Цолмон, Александр Солженицыны нэрэмжит Гадаад орнуудтай харилцах Оросын соёлын төв Ордны олон улс, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны салбарын эрхлэгч Елена Кривова, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхч Никита Кузнецов, Оросын зохиолч, хэвлэн нийтлэгчдийн холбооны бүтээлч бизнес аялал зохион байгуулах төслийн албаны мэргэжилтэн Надежда Ерёменко нар тус тус оролцов.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны төгсгөлд Оросын алдартай зохиолч, сэтгүүлч, редактор, ОХУ-ын Зохиолчдын эвлэлийн гишүүн, утга зохиолын олон удаагийн шагналт Анна Матвееватай хийх уулзалт зохион байгуулагдсан ба уг уулзалтад Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Данзангийн Нямаа, профессор, яруу найрагч Чагнаагийн Пүрэвдорж, зохиолч, орчуулагч Еншөөбү Э.Ганболд зэрэг олон зохиолч, орчуулагч оролцсоноос Еншөөбү Э.Ганболд Анна Матвеевагийн “Гэгээн Еленагийн арал” хэмээх өгүүллэгийг орчуулснаа уншиж танилцуулсан нь зохиолч болон уулзалтад оролцогчдод ихэд таалагдсан билээ.