МУБИС-ИЙН ОЮУТНУУД “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР” 23 ДАХЬ УДААГИЙН МОНГОЛЫН БҮСИЙН ТЭМЦЭЭНД ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

2024.05.02 16:58 Үйл явдал

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хятад хэлний багшийн ангийн оюутнууд Монгол Улсын хэмжээнд зохион явуулдаг “Хятад хэлний гүүр” 23 дахь удаагийн  Дэлхийн Хятад хэлний тэмцээний бүсийн шалгаруулалтад амжилттай оролцож, шагналт байранд шалгарлаа.

2024 оны 4 сарын 26-ний өдөр “Улаанбаатар чуулга”-д зохион байгуулагдсан уг тэмцээнд МУИС, ШУТИС, ХУИС, СЭЗИС, Сити дээд сургууль зэрэг хятад хэлний сургалт явуулж буй их, дээд сургуулийн шигшигдсэн 22 оюутан оролцсон бөгөөд МУБИС-иас шалгарсан 6 оюутан эцсийн шатны шалгаруулалтад өндөр амжилт үзүүлж, бүгд шагналт байр эзлэв.

ХХБ-IV ангийн оюутан Б.Анударь, М.Энхжин нар II-р байранд шалгарч өргөмжлөл, үнэ бүхий шагнал, БНХАУ-д суралцах 1 жилийн тэтгэлгээр, ХХБ-IV ангийн оюутан Э.Хулан, Н.Хосшагай нар III-р байранд шалгарч өргөмжлөл, үнэ бүхий шагнал, БНХАУ-д суралцах хагас жилийн тэтгэлгээр, ХХБ-IV ангийн оюутан Х.Хулан, Г.Ану-Үжин нар тусгай байранд шалгарч өргөмжлөл, үнэ бүхий шагналаар шагнуулан бахдам амжилт үзүүлэв. 

Үүнээс гадна багийн нийт амжилтаар МУБИС “Шилдэг зохион байгуулалттай сургууль”-аар шалгарч, шилдэг удирдан оролцуулсан багшийн шагналыг мөн хүртлээ.

Тэмцээнд амжилттай оролцож сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.