Монголын Үндэсний Программчлалын XIV олимпиад 2024 оны тавдугаар сарын 17-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр зохион байгуулагдаж, их, дээд сургууль, коллежийн 14 багийн 42 оюутан, одтой баг буюу компанийн хөгжүүлэгчдээс бүрдсэн зургаан багийн багийн хөгжүүлэгч оролцсон юм.
Олимпиадад оролцогчид тус өдрийн 12:30-17:30 цагийн хооронд 10 бодлогыг бодож мэдлэг, оюун ухаан, программчлалын ур чадвараараа өрсөлдсөнөөс Ж.Дашдэмбэрэл дасгалжуулагчтай МУБИС-ийн Программ хангамжийн 4-р ангийн оюутан Н.Мөнхмөрөн, Программ хангамжийн 2-р ангийн оюутан Б.Төрбилэг, Мэдээлэл зүйн багшийн 3-р ангийн Б.Эсүг нарын бүрэлдэхүүнтэй “TesseracT” баг амжилттай оролцож тусгай шагнал хүртлээ.
Мөн Шинэ Монгол технологийн дээд сургуулийн 10 жилийн ойн хүрээнд ММЗОЗБХ-той хамтран тус сургууль дээр Улсын оюутны программчлалын XXXII олимпиадыг 2024.05.25 – 2024.05.26-нд зохион байгуулсан бөгөөд олимпиадын бодлогын комисст МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, ШУТИС-ийн МХТС-ийн дэд профессор А.Хүдэр, МУИС-ийн МТЭС-ийн багш Г.Гантулга, Мандах их сургууль Mэдээлэл Технологийн сургуулийн багш Ө.Ганзориг, ШМТДС-ийн КУТ-ийн дэд профессор доктор Т.Гантөр, бодлого шалгах автомат систем хариуцаж МУБИС-ийн МБУС-ийн багш Т.Уламбаяр нар ажиллалаа.
Бодлогын уралдаанд нийт 9 их дээд сургууль коллежийн 13 багийн 41 оюутан оролцож 2 өдрийн турш өрсөлдсөнөөс МУБИС-ийн Программ хангамжийн 2-р оюутан Б.Төрбилэг 220 оноогоор хүрэл медаль хүртлээ.