Энэ удаагийн ярилцлага буланд МУБИС-д суралцдаг тусгай хэрэгцээтэй оюутны төлөөлөл болгож ДУТС-ийн оюутан О.Амаржаргал, Д.Оюунболор нартай уулзаж ярилцав. Тэд сонсголын бэрхшээлтэй ч үе тэнгийнхээ оюутан залуустай мөр зэрэгцэн суралцаж дуртай мэргэжлээ эзэмшин эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах зорилго өвөртлөн амжилттай суралцан явна.
Асуулт: Өдрийн мэнд хүргэе. Сурлага нь өндөр үү? Юуны өмнө ярилцах урилга хүлээн авсанд их баяртай байна. Өөрсдийгөө товч танилцуулна уу!
Намайг О.Амаржаргал гэдэг. Хөвсгөл аймагт төрж өссөн. Нийслэлийн ЕБС-ийн 29-р тусгай сургуулийг 2021 онд төгссөн. Одоогоор МУБИС-ийн ДУТС-ийн 4-р курст Дизайны технологийн багш мэргэжлээр суралцаж байгаа.
Сайн байна уу? Намайг Д.Оюунболор гэдэг. УБ хотод амьдардаг. Нийслэлийн ЕБС-ийн 29-р тусгай сургуулийг 2023 онд төгссөн. Одоо МУБИС-ийн ДУТС-ийн 2-р курст Хувцасны дизайнер мэргэжлээр суралцаж байна.
Баярлалаа. МУБИС-д яагаад суралцаж болов?
Амраа-Дизайн технологийн чиглэлээр мэргэжил эзэмших сонирхолтой байсан учраас сонгосон. Миний хүсэл боловсролын салбарт хувь нэмрээ оруулах юм.
Оюунболор -Би ЭЕШ-аа амжилттай өгсөн. Тэгээд аль сургуульд элсэн орох уу? гэж бодож байгаад МУБИС ийг сонгон элсэн орж суралцсан.
Асуулт: Оюутан болсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?
Амараа- Би анх оюутан болоод олон найзуудтай танилцаад чөлөөт цагаараа өөр хоорондоо дотно харилцаж нөхөрлөх зорилготой байсан. Тэдний цэвэрхэн, соёлтой харилцаа нь сонирхолтой санагддаг. Оюутан хүн өөрийн үнэт зүйлтэй, үзэл бодолдоо үнэнч байх ёстой гэж боддог.
Оюунболор Би 29-р сургуульд найзуудтайгаа дандаа дохиогоор ярьдаг байсан тиймээс оюутан болох маш гоё мэдрэмжтэй байсан. Оюутнуудтай харилцахад эхлээд жаахан сонин, сандраад тэгээд удахгүй нэг ангийнхан болоод хүндлэх, соёлтой занг ойлгоод маш гоё санагдсан.
Асуулт: Хэр олон найзтай болж байна нэрлэж болох уу?
Амараа- Цаашид нэг ангийн нэг хамт олон болж байгаадаа баяртай байна гэж хэлдэг. Сүүлийн үед чөлөөт цаг маш багатай байна. Тусалж дэмжиж байгаарай гэж хэлмээр байна.
Оюунболор- Би олон найзуудтай болж байгаа. Манай ангийнхан их нөхөрсөг, найзууд болсондоо баяртай байна.
Асуулт: Юу сонирхдог вэ? Хоббиноосоо хуваалцаач!
Амраа -Би дунд сургуульд байхаасаа гар бөмбөг тоглодог, их сонирхолтой байсан. Сургуулийнхаа гар бөмбөгийн шигшээд тоглодог байсан. Оюутан болоод тэмцээнд ороод медаль авсандаа баярлаж байгаа. Цаашид илүү сайн сурч боловсорч, ур чадвартай боловсон хүчин болох сонирхолтой.
Оюунболор- Би бас гар бөмбөг тоглодог, мөн загвар зохион бүтээх дуртай.
Асуулт: Үе энгийнхэндээ юу гэж хэлмээр байна?
Амараа- Би анх оюутан болоход оюутан, багш нар дохиогоор ярихгүй их хэцүү байсан. Ирээдүйн багш болох залуучууд дохиогоор харилцах чадвараа сайжруулахыг хүсвэл чөлөөт цагаараа бидэнтэй сайн харилцаж ярилцаасай гэж боддог
Оюунболор- Би бас оюутнууд, нэг ангийн найзуудтайгаа хамт дохиогоор ярилцаж сураасай гэж хэлмээр байна. Би дохиогоор чөлөөтэй харилцах дуртай.
Асуулт: Хамгийн их хүндэлдэг багш
Амараа- Дизайн технологийн бас хичээл заадаг бүх багш нараа хүндэлдэг. Соёлтой, ёс зүйтэй, сайн харилцаатай байдагт баярладаг.
Оюунболор- Хувцасны дизайнерын багш нар сайхан харилцаатай, тусалж дэмждэгт баярлаж байна.
Асуулт: Дэмжиж тусалдаг хүмүүсийнхээ тухай хуваалвал!
Амараа- Би оюутан болоод олон бэрхшээлтэй тулгарсан. Хичээл ордог багш нараа сонсож чаддаггүй, хэлмэрчгүй маш хэцүү байсан. Багшаасаа асууж харилцсан ч сайн ойлгохгүй, яаж сурах учраа олохгүй шантрах үе олон байсан. Гэвч өөрийгөө дайчилж, бие дааж сураад найзууд, багш нар, ар гэрийнхэн тусалж дэмжсэнээр төгсөх курст сурч байгаадаа баярлаж байгаа.
Оюунболор-Би анх сургуульд ороод юу ч мэдэхгүй, яахаа ч мэдэхгүй гайхаж суухад манай ангийн нэг хөөрхөн охин надад их тусалдаг, лекцийн дэвтрээ бичээд надад өгч дэмжиж байсанд маш их талархдаг. Баярладаг шүү гэж хэлмээр байна.
Ярилцсан: ОХҮТ-ийн мэргэжилтэн Т.Дуламрагчаа