МУБИС-Д ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024.11.25 16:22 Үйл явдал

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн хөтөлбөрүүдийг сурталчлах өдөрлөгийг 2024 оны 11 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд Монгол Улсын төрийн өмчит их, дээд сургуулиуд дээр зохион байгуулахаар төлөвлөсний дагуу өнөөдөр (2024.11.25) МУБИС-д тус ажлыг хариуцсан ДХИС-ийн баг бүрэлдэхүүн ажиллалаа.

Тус өдөрлөгт МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, ДХИС-ийн ректор, профессор, бригадын генерал П.Батбаатар болон бусад удирдлагууд, багш, албан хаагчид, оюутан залуус оролцлоо. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд найрамдах улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатарт дурсгалын зураг илгээснийг ДХИС-ийн ректор, профессор, бригадын генерал П.Батбаатар төлөөлөн гардуулсан юм.

Дотоод хэргийн их сургууль нь захиалагч агентлаг, байгууллагуудын хүний нөөцийг мэргэшүүлэн сургах эрэлт хэрэгцээтэй уялдуулан дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн сургалтын хөтөлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ үеэр “Дотоод хэргийн их сургуулийн хоёр жилийн мэргэшүүлэх хөтөлбөр”, “Тодорхой төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, холбогдох мэдээлэл”, “Хил хамгаалах байгууллага, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник, технологи”, “Шинжилгээний лабораториудын үйл ажиллагаа”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа” зэрэг сэдвүүдээр сонирхолтой мэдээлэл хүргэж, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн сургалтын хөтөлбөр, салбарын мэргэжлийн онцлогийг танилцуулсан үзэсгэлэнг дэлгэж сонирхууллаа.