“БАГШ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ, АРГА ЗҮЙ” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2024.12.05 13:47 Үйл явдал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийг заах багш бэлтгэх хөтөлбөрийг сайжруулах, элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор БШУЯ-ны Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай 2024 оны 03 дугаар сарын 20-ны А/146 тоот тушаалд “Багш, Эрүүл мэндийн боловсрол, арга зүй” /6-011439/ мэргэжлийн хөтөлбөрийн нэр шинэчлэгдэн батлагдсан билээ.

Тус хөтөлбөрийг МУБИС, АШУҮИС хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулан, 2024-2025 оны хичээлийн жилд анхны элсэлтээ зохион байгуулж, одоогоор 29 оюутан идэвхтэй суралцаж байгаа төдийгүй тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид БМИҮЗ-өөр 5 жилийн хугацаатай амжилттай магадлан итгэмжлүүлсэн байна.

Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “БАГШ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ, АРГА ЗҮЙ” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагааг МУБИС-ийн Ректор Ж.Батбаатар үг хэлэн нээж, АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж, МУЕ-ийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа, болон оюутан суралцагчдын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тус хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл, танилцуулгыг  Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол Хүн” төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн, МУБИС-ийн багш Э.Мөнгөнтулга нар хийсэн бол “ЕБС-ийн эрүүл мэндийн хичээл: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр БЕГ-ын дарга Т.Ням-Очир нар тус тус мэдээлэл хийлээ.

Үйл ажиллагааны төгсгөлд оролцогч талууд санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцан, тус хөтөлбөрөөр суралцаж буй анхны гэгдэх 29 оюутанд дурсгалын зүйл гардууллаа.

Эрүүл мэндийн багш, арга зүйчээр суралцаж буй оюутнууд Засгийн газраас #БАГШ_аар суралцаж буй оюутныг дэмжих сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгт хамрагдах бөгөөд цаашдаа Япон улсад дадлага хийх боломжийг бүрдүүлэхээр хөтөлбөр хэрэгжүүлэгчид ажиллаж байна.

Эрүүл мэндийн багш, арга зүйч мэргэжлийг эзэмшигчид маш олон төрлөөр хөрвөн ажиллаж боломжтой.