МУБИС-ийн Герпетологийн лабораторийн 55 жилийн ойн ОУЭШХ эхэллээ

2025.03.12 12:51 Үйл явдал

МУБИС-д анх Герпетологийн лабораторийг 1970 онд  Ардын багш Х.Мөнхбаяр үүсгэн байгуулсан түүхтэй. Өдгөө тус лабораторийг үүсгэн байгуулсны 55 жилийн ой тохиож, ойн хүрээнд Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимээс “Герпетологи 55” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Уг олон улсын хурлын зорилго нь Монгол орон болон хөрш зэргэлдээ улсуудын герпетологийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн судлаачдын ололт амжилтын талаар таниулж, мэдлэг солилцох, харилцан туршлага хуваалцах, Монгол улсын герпетологийн салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршиж байна. Хуралд ОХУ, БНХАУ, Казакстан зэрэг нийт 4 улсын эрдэмтэн, судлаачид оролцож байна.

1970 онд МУБИС-д байгуулагдсан уг лабораторийг олон мянган биологич, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, байгалийн ухааны багш нарыг бэлтгэхэд 55 жилийн турш тасралтгүй ашиглаж ирсэн бөгөөд суралцагчдад мэдлэг эзэмшүүлэх сургалтын чухал объект хэвээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Герпетологи 55” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар нээж үг хэлсэн бөгөөд Герпетологийн лабораторийг үүсгэн байгуулагч, Ардын багш Х.Мөнхбаяр, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, ХААШУ-ны доктор (Sc.D.), дэд профессор, академич М.Бямбасүрэн, Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа, МУБИС-ийн харьяа ЕБС-ийн захирал, профессор М.Мөнхбаатар, Биологийн тэнхимийн хамт олон болон бусад эрхэм хүндтэй зочид оролцлоо. Хурал МУБИС-ийн хичээлийн I байрны 300 тоот хурлын танхимд 12.00 цагаас эхэллээ.